sonin.mn
Улсын Их Хурлын Тамгын газар жил бүрийн Үндэсний Их баяр наадмын үеэр ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлалт уулзалтыг өнөөдөр /2015.07.08/ Төрийн ордонд зохион байгууллаа.
 
Уламжлалт уулзалтын үеэр Тамгын газрын ахмад настан С.Батаа, Ч.Сэндэнпүрэв нар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Ц.Цээсүрэнг Алтан гадас одонгоор тус тус шагнасныг Улсын Их Хурлын Тамгын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар гардуулан өглөө.
 
 
 
Улсын Их Хурлын Тамгын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар энэ үеэр хэлсэн үгэндээ, энэ жилийн хувьд Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байгаа. Парламентын 25 жилийн ойг 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ.
 
Ойн арга хэмжээний үеэр парламентын үйл ажиллагааг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, төрийн түшээдийн бүтээлээр номын үзэсглэн зохион байгуулах юм. Мөн төрийн түшээдийн бүтээлээр шүлгийн түүвэр гарна. Эдгээр ажилд манай Тамгын газрын ажилтнууд болон ахмадууд идэвхтэй оролцож байгаа гэлээ.
 
 
Мөн тэрээр ой угтсан ажилд ахмад настан Ч.Сэндэнпүрэв хоёр боть ном бэлтгэх, Ц.Янжинцэрэн төрийн түшээдийн бичсэн номын нэгдсэн жагсаалт гаргах ажилд идэвхтэй оролцсон гэдгийг онцлоод ахмад настан, төрийн эрхэм түшээ П.Бямбацэрэн, Ц.Товуусүрэн, Н.Гэрэлсүрэн, Г.Цэдэндагва нар ойн комиссоос зохион байгуулсан ажилд идэвхтэй оролцсон байна гэдгийг тэмдэглэв.
 
Энэхүү арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын удирдлагууд болон ахмадын хорооны удирдлагууд оролцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.