sonin.mn
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, БНСУ-ын Ёнхап агентлаг хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн зурах ёслолын арга хэмжээ өнөөдөр МОНЦАМЭ агентлагт боллоо.
 
Шинэчилсэн гэрээнд МОНЦАМЭ агентлагийн захирал А.Баатархуяг гарын үсэг зурсан бөгөөд ЁНАП агентлагийн Гадаад харилцааны менежер Ким Сүжин, улс төрийн тоймч Ан Ён Со нар байлцав. 
 
1985 оны 6 дугаар сарын 14–нд БНСУ-ын ЁНАП агентлагийн нийтлэлийн дарга Чун Чон Шик МОНЦАМЭ агентлагийн ерөнхий захирал Л.Зантавт 1986 оны Сөүлийн Азийн олимпын хөтөлбөрийн танилцуулга, судалгааны асуулт бүхий захидлыг факсаар илгээснээр хоёр агентлагийн хамтын ажиллагааны эхэлсэн гэж үздэг. Өнөөг хүртэл хоёр агентлагийн хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байгаа ба өнөөдөр ийн гэрээгээ шинэчлэв.
 
МОНЦАМЭ агентлагийн дарга А.Баатархуяг энэ үеэр, “Солонгосын Ёнхап агентлагтай 1985 оноос хамтарч ажиллаж байна. Хамтын ажиллагааны эхний он жилүүдэд хүйтэн дайны үе тохиож байсан учир үйл ажиллагааны цар хүрээ хязгаардлагдмал байсан тал бий.
 
Хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас хойш мэдээлэл солилцох тал дээр, тэр дундаа Ази номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын холбооны хүрээнд нягт хамтарч ажиллаж байгаа. Ялангуяа зах зээлд шилжсэн он цагаас хойш Өмнөд Солонгос улстай улс төр, эдийн засаг гээд олон талын мэдээлэл солилцох шаардлага үүссэн.
 
1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш хоёр орны харилцаа өндөр түвшинд хүрсэн. Тэрхүү харилцаа агентлагийн түвшинд ч гэсэн адилхан нөлөөлж байгаа. Энэхүү хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх сонирхол аль аль талдаа байна.
 
Тийм учраас бид гэрээгээ шинэчилж байна гэж ойлгож байгаа. Иймд хоёр талын хамтын ажиллагаа цаашид үргэлжлээд явахад ямар нэг ойлголцлын зөрүү байхгүй, нягт хамтарч ажиллах бүрэн бололцоотой гэж үзэж байна” хэмээн хамтын ажиллагааны үр дүн, цаашдын хэтийг тодорхойллоо.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг