sonin.mn
УИХ-ын чуулганы хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлав.
 
Улсын чанартай томоохон бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явуулах,  бүс нутгийг хамарсан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх,олон улсын нисэх онгоцны буудал, аймаг, хотыг холбосон шинэ зам, шугам сүлжээ барих, дагуул хот байгуулахад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, өмчлөлд байгаа ззарим газрыг улсын тусгай хэрэгцээнд эргүүлэн авах, солих, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох хэрэгцээ бий болж байна.
 
Хуулийн төслийг баталснаар хүн амын хэт төвлөрлийг сааруулах, дагуул хот, суурин бий болгож, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг тэлэх, сууршлын бүсүүдийг шинээр бий болгох боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзжээ.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Давсаасүрэн, Газар эзэмших, өмчлөхтэй холбоотой асуудал бол маш нарийн асуудал. Сүүлийн үед нэгнийхээ газар руу шууд дайрах, булаах асуудал гарах болсон. Хуулийг далимдуулаад энэ мэт хэрэг улам бүр нэмэгдэх магадлалтай. Хэрэв энэ хууль батлагдсанаар сөрөг нөлөө гарвал би хуулийг нэн даруй өөрчлөн найруулж, өргөн барих болно гэлээ.
 
Ийнхүү хуулийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 73.7 хувь дэмжлээ. Чуулганы хуралдаанаар Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг