sonin.mn
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Сэргээн босголт, зээлийн “KFW” банкны Франкфурт дахь салбарын Зүүн өмнөд Ази, Номхон далайн газрын захирал Др.Кристине Хаймбургер болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
 
Др.Кристине Хаймбургер нь Улаанбаатар хотод ажлын айлчлал хийж байгаагаа тохиолдуулан нийслэл хоттой хамтран ажиллах талаар ярилцах хүсэлтэйгээ илэрхийлсэн юм. Тус ажлын айлчлал нь Монгол Улсад хийж буй хоёр дахь удаагийнх хэдий ч нийслэлийн удирдлагуудтай өмнө уулзаж байгаагүй тул энэ удаа хүсэлт тавьснаар Хотын даргатай уулзаж байна.
 
Уулзалтын хүрээнд цаашдын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх боломжит төсөл, хөтөлбөрүүдийн талаар буюу гэр хорооллын дахин төлөвлөлтийн II-р үе шат, төвийн халаалтын талаар санал солилцов.
 
Уулзалтын эхэнд Др.Кристине Хаймбургер “ХБНГУ-ын Хөгжлийн банк нь Монгол Улсад. эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, байгаль орчин биологийн олон талт байдлыг дэмжих чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг. Ялангуяа хот төлөвлөлт, байгуулалт, хөгжүүлэлт, цэвэр бохир ус, хог хаягдлаас эрчим хүч гаргах, халаалтын цогц шийдлийг олох зэрэг асуудлууд дээр арвин туршлагатай. Улаанбаатарт эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь чухал шаардлагатай болов уу. Тиймээс Улаанбаатар хоттой хамтран ажиллах боломж бидэнд байгааг уламжлья“ гэлээ.
 
Харин Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-үүл “Азийн хөгжлийн банкны төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж яваа. Хамгийн сүүлд зургадугаар сарын 24-нд төслийн нэгжийн ажилтай танилцсан. Хоёр дэд төвийн ажил сайн явж байна. Бохирын коллекторын тендерийн ажил дууссан. Мөн төвлөрсөн дулаан хангамжийн ажлын зураг төслийг боловсруулах зөвлөх компаниуд ажлаа эхэлсэн.
 
Та бүхэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд дэмжлэг үзүүлж байгаа нь их чухал. Германы маш сайн технологиуд орж ирж байна. Тухайлбал, бохирыг цэвэрлэж саарал ус болгох, газрын гүний дулаан ашиглах төслүүдийг бидэнд танилцуулсан. Бид энэ төслүүдийг гэр хорооллын дахин төлөвлөлтийнхөө хүрээнд ашиглах хүсэлтэй байна. Мөн “Майдар хот”, ногоон цаг уурын фонд буюу ногоон хөгжлийг дэмжсэн төсөл дээр танайхтай хамтарч ажиллахаар саналаа өгсөн байгаа” гэлээ. 
 
Др.Кристине Хаймбургер гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл дээр онцгой анхаарна. Мөн хотын даргын дурдсан ногоон хөгжлийн дэмжсэн төслийг дэмжиж хамтран ажиллахаа онцлон хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.