sonin.mn
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс төрийн намын удирдлагуудтай уулзаж сүүлийн үед үүсээд буй Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн асуудлаар  байр сууриа илэрхийллээ.
 
Уулзалтад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга М.Энхболд, ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл, МҮАН-ын дарга М.Энхсайхан, УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийн дарга  Н.Батцэрэг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар болон Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан нар оролцов.
 
 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Сүүлийн хэд хоногт үүссэн асуудлыг удаан ажиглалаа. Уг асуудал сайн зүйлд хүрэхгүй учраас үндсэн таван чиглэлээр өөрийн байр суурийг илэрхийлье гэсэн юм" гэв.
 
   1. МАН-ыг Засгийн газраас гаргах нь хууль зөрчсөн асуудал. Учир нь Үндсэн хуульд байсан “Нам бол нийгмийг удирдан чиглүүлэгч” гэсэн заалтыг 1990 онд авсан. Тэгэхээр аль нэг намын хүсэлтээр Засгийн газрыг халж, солих асуудал байж болохгүй. Тэгээд ч Засгийн газрын гишүүдийг халах асуудлыг 10 хүн сууж байгаад шийдчихгүй.
 
  2. Хариуцлагатай байх ёстой. Анх хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа дахин ийм тогтворгүй байдал үүсгэхгүй гэж амласан. Би саяхан намын дарга нартай уулзаж  тогтвортой байдлын тухай ярьсан. Тэгээд ч хариуцлагатай баймаар байгаа бол сайд нарыг огцруулах биш харин УИХ-аар Улс төрийн намын тухай, Төрийн албаны тухай хуулийн төслүүдийг батал.
 
   3. Алдаа гээд орхисон муу зүйлээ дахиж давтах хэрэггүй.  Ард түмэн хүүхдүүд биш учраас та нарын юу хийж, ямар шийдвэр гаргахыг харж байгаа.
 
   4. Одоо ажлаа бодьё. Энэ Засгийн газрыг буулгалаа гэхэд үүнээс илүү Засгийн газар гарч ирэхгүй. Ерөнхий сайд нь гадаадад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх уулзалт хийгээд ирж байхад эзгүйд нь хулгайгаар ч юм шиг ийм үйлдэл хийснийг сайшаахгүй байна. Төр нэг  эзэнтэй байх ёстой. Ард түмний дундаас сонгогдсон нэг хүнтэй. Тийм учраас та нар миний хэлсэн үгийг зүгээр нэг өнгөрөөх биш чиглэл болгох ёстой. Тэгээд одоо өрнөж байгаа энэ үйл явц Засгийн газрыг огцруулахад л хүргэнэ.
 
   5. Ерөнхий сайд санаачлагыг гартаа авах ёстой. Сайд нарынхаа асуудлыг Ерөнхий сайд л шийдэх ёстой. Тэрнээс намаас гарсан шийдвэр юм чинь би яах вэ дээ гэсэн байдаар хандаж болохгүй.  Энэ бүх тодорхойгүй байдал чинь ард түмний нуруун дээр ачаа болж ирнэ.
 
Ийнхүү Ерөнхийлөгч Засгийн газрын зургаан сайдыг огцруулах талаар яригдаж байгаа ч энэ бол Засгийн газрыг огцруулахад л хүргэнэ гэдгийг дахин сануулсан юм.
 
Үүний дараа намын дарга нар байр сууриа илэрхийлэв.
 
 
МАН -ын дарга М.Энхболд:  Засгийн газарт хамтрахдаа байгуулсан гэрээний дүгнэлтийг АН хэтэрхий өөрийнхөө талд гаргасан байсан. Тийм учраас юуны түрүүнд энэ гэрээний биелэлтийг зөв дүгнүүлэх хүсэлтэй байна. Мөн өнгөрсөн оны 11 дүгээр сард УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар манай бүлгийн хуралд орж ирэн долоон цаг гаран ярьж байж Засагт хамтрахаар болоод манай зургаан сайдыг авсан. Гэтэл одоо зургаан сайдыг маань яах нь тодорхойгүй хаяхчих гээд байна. Тийм учраас Ерөнхий сайд манай сайд нарын асуудлыг өөрөө УИХ дээр оруулж ирэхийг хүсч байна.
 
АН-ын дарга З.Энхболд: Хамтарсан гэрээг дүгнэх асуудлыг бол дахиж хийж болно. Манай нам Засгийн газрыг огцруулахгүй гэдэг Ерөнхийлөгчтэй санал нэг байгаа. Харин сайд нарыг солих асуудал бол хууль зөрчихгүй. Тэгээд ч МАН өнгөрсөн оны 12 дугаар сард хамтарч ажиллаж эхлэхдээ ямар ч сонгууль хийхгүй гэж байсан хэдий ч зөвхөн сонгуулийн л ажил хийж байна.
 
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Эхний ээлжинд парламентад суудалтай бүх намууд учраа олох хэрэгтэй. Үүний дараа би эрх үүргийнхээ хүрээнд ажлаа хийнэ. Зургаан сайдыг огцруулах асуудлыг би УИХ-д оруулахгүй.
 
МҮАН-ын дарга М.Энхсайхан: Энд төр, нам хоёрын аль нь дээр вэ гэдэг асуудал үүсээд байна. Зөвхөн АН-ын шийдвэрээр Засгийн газрын асуудлыг ярих нь буруу гэж бодож байна.
 
ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл: Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед эхлээд улс төрийн тогтвортой байдлыг бий болгох ёстой. Тиймээс улс төрийн намуудын санал хүсэлтээр Засгийн газрыг огцруулах асуудлыг ярьж болохгүй гэсэн Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж байгаа.
 
Уулзалтын эцэст  Ерөнхийлөгч "Нэг нам нь ярилцаад Засгийн газрын гишүүдийг огцруулна гээд тэрийг нь нөгөө нам нь хүлээж аваад тэгье гэдэг зүйл байж болохгүй. Үнэхээр болохгүй сайд нар байгаа бол Ерөнхий сайд хариуцлага ярих ёстой" гэсэн юм.