sonin.mn
Дэлхийн хүн амын өдрийг тохиолдуулан Шадар Сайд У.Хүрэлсүхийн санаачлагаар Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний статискийн хороо онцгой байдлын үед шаардлагатай тоон  мэдээллээр хангахад хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
 
Энэхүү түншлэл нь онцгой байдлын үед эмзэг бүлгийн хүн ам, ялангуяа охид эмэгтэйчүүдийг анхаарч, хамгаалахад чухал ач холбогдолтой гэдгийг албаныхан тодотголоо.
 
НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахар ярихдаа,”Онцгой байдал тохиолдсон үед охид, эмэгтэйчүүдийг хамгаалж, шаардлагатай тусламж үзүүлээгүйн улмаас  тэд хүчирхийлэл, доромжлол, бэлгийн мөлжлөг, нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой өвчин эмгэгт өртөөд зогсохгүй, амь насаа алдах эрсдэл бий. Ийм тохиолдолд  хүмүүнлэгийн тусламжийг  нэн тэргүүнд  эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүдэд хүргэх  шаардлагатай” гэв.
 
НҮБ-ын Хүн амын сангийн онцгой байдлын үед төрөхийн өмнөх тусламж үйлчилгээнд  шаардлагатай эм, хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах мөн эмнэлэгт очиж төрөх боломжгүй эмэгтэйчүүд,  хүүхдээ төрүүлэх үедээ халдвар авахаас сэргийлэх ариутгасан төрөлтийн багц, төрсний дараах эх, нярайн хүндрэлийг эмчлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагаа  багтдаг байна.
 
Дашрамд  дурдахад 1987 оны долдугаар сарын 11-нд дэлхийн хүн ам 5 тэрбумд хүрсэн бөгөөд хүн амын асуудлууд, хүрээлэн байгаа орчин, тогтвортой хөгжлийн асуудлуудад олон нийтийн анхаарлыг хандуулах,бодлого төлөвлөлтөд хүн амын хүчин зүйлүүдийг харгалзан үзэхийг шийдвэр гаргагчдад ойлгуулах зорилгоор НҮБ-аас жил бүрийн долдугаар сарын 11-нд Дэлхийн хүн амын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна.
 
Б.Мөнхзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг