sonin.mn
Нийслэлийн засаг дарга болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хууль бус шийдвэрийн дагуу 2013-2014 онд нийт 9230 тээврийн хэрэгслийн 70.000-80.000 төгрөгөөр зөөж, 647,710,000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 28-ны байдлаар 11746 тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж нийт 234,9 сая төгрөгний орлогыг тус тус хууль бусаар төвлөрүүлж, иргэдийг хохироосон гэж ШӨХТГ-ын улсын байцаагч дүгнэлт гарсан байна.
 
Түүнчлэн энэ мэтээр хохирсон иргэд шүүхэд хандахад ч эдийн засгийн хувьд хүндрэлтэй байдаг. Үүнээс үүдэн ШӨХТГ, “Шударга төрийн төлөө” ТББ, “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн болон дугуй түгжсэний улмаас хохирсон иргэдэд стратегийн өмгөөлөл үзүүлэх, нийт эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах, хохирлыг барагдуулах ажлыг зохион байгуулж байгаа юм байна.
 
2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-н өдрийн 98 дугаар тогтоолоор баталсан “Зориулалтын дугуй түгжих ашиглах журам”-ыг хүчингүй болгох хүсэлтийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу захиргааны хэрэг үүсэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа юм байна.
 
Энэ журмын хэрэгжилтийг түдгэлзүүлэх хүсэлтийг 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэцэх юм байна. Мөн 2013 оноос 2014 оны 11 дүгээр сарын 20-н өдөр хүртэл тээврийн хэрэгслээ ачуулж хууль бусаар хураамж төлсөн, 2014 оноос өнөөдрийг автомашиныхаа дугуйгаа түгжүүлсэн иргэд ШӨХТГазарт хандаж эрхээ хамгаалуулах боломжтой гэдгийг хэлж байсан юм.
 
Энэ тухай Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/ болон "Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо", "Шударга төрийн төлөө" ТББ-аас өнөөдөр мэдээлсэн юм. 
 
М.Ихэрбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг