sonin.mn
ИЗНН-аас улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулж мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд, "ИЗНН нь иргэдийнхээ эрх ашгийг эрхэмлэн дээдэлдэг, тогтвортой төрийг бий болгохын тулд Монгол төрийн тогтолцоог боловсронгуй болгох, нийгмийн шударга ёсыг тогтоох, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг оновчтой шийдвэрлэх эрхэм зорилго дор Шийдлийн Засгийн газрын танхимд нэг ч суудалгүй хэрнээ улс төрийн бүх намууд хамтран ажиллахыг дэмжсэн билээ.
 
Энэ хугацаанд Иргэний Зориг Ногоон Нам Засгийн газрыг тогтвортой, тууштай, идэвхтэй ажиллуулахын тулд парламент болон Засгийн газрын түвшинд бурууг нь хэлж, зөвийг нь дэмжин, байгуулсан Гэрээндээ хүндэтгэлтэй хандаж ирлээ.
 
Гэвч өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн газрыг бүрдүүлэгч гол хүчин болсон Ардчилсан нам, Монгол Ардын Нам Монголын ард түмний язгуур эрх ашгийг дээдлэн хамтарч, нэгдэж ажиллаж чадсангүй. Үүний уршгаар эдийн засаг улам доройтож, ажилгүйдэл, ядуурал газар авч, нийгмийн тогтворгүй байдал эрс нэмэгдлээ.
 
Иймд:
 
Нэгд, Засгийн газрыг цаашид тогтвортой ажиллуулах зорилгоор үүссэн нөхцөл байдлыг даамжруулалгүй нэн даруй шийдвэрлэх;
 
Хоёрт, Засгийн газрын энэ тогтворгүй байдал нь УИХ-ын хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх;
 
Гуравт, Бартерийн харилцаанд орсон эдийн засгийн өнөөгийн байдал нь цаашид ажилгүйдэл, ядуурлыг улам нэмэгдүүлэх үр дагавартай байгааг онцгой анхаарч, нийт эдийн засаг, түүний дотор бизнесийн идэвхжлийг нэмэгдүүлэх бүхий л арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна" гэжээ.