sonin.mn
АФИН. /NHK/. Еврогийн бүсийн орнуудын удирдлагуудын дээд хэмжээний уулзалтын үеэр шинэ санал дэвшүүлэхэд бэлэн байгаагаа Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас мэдэгдэв. Ципрас өчигдөр Германы Канцлер Ангела Меркельтэй утсаар ярьсан байна. ЕХ-ны санал болгосон хэмнэлтийн арга хэмжээг зөвшөөрөх эсэх санал асуулгыг ням гарагт явуулж, грекчүүд эсэргүүцсэн хариу өгсөн билээ.
 
Грекийн дэвшүүлэх шинэ саналын тухай нарийн мэдээлэл хараахан ил тод болоогүй байна. Гадаад руу мөнгөн гуйвуулга болон данснаас гаргах өдөр тутмын зарлагыг хязгаарлах зэргээр хөрөнгийг хянах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр Грекийн Засгийн газар дотоодын банкны албаны хүмүүстэй тохиролцсон байна. Грекийн банкууд өнөөдөр нээгдэх ёстой ажээ.
 
Евро бүсийн дээд хэмжээний уулзалтын үеэр ямар үр дүн гарахыг хүлээж байна гэж Грекийн банкуудын холбооны тэргүүн Лука Кацель сэтгүүлчдэд мэдэгджээ. Банкуудын хөрөнгийн урсгалыг зогсоохоор Грек хөрөнгийг хянах арга хэмжээг өнгөрсөн даваа гарагаас хэрэгжүүлж эхэлсэн билээ. Уг арга хэмжээг удаан хугацаагаар хэрэгжүүлэх нь Грекийн эдийн засаг, иргэдийн амьжиргаанд ноцтой нөлөөлж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг