sonin.mn
Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээний  газрууд хэрхэн ажиллах талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа мэдээлэл хийлээ.
 
Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ зохион байгуулах, хяналт тавих удирдамж, “Монгол хуушуур-2015” фестиваль, дүүргүүдийн тусгайлсан талбайд гарах хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудын байршил, худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг танилцууллаа.
 
Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас худалдаа үйлчилгээний газруудад аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж ажиллах талаар зааварчилгаа өглөө.
 
Мөн “Монгол хуушуур-2015” фестивалийг 2015 оны 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн худалдаа үйлчилгээний талбайд зохион байгуулах юм байна. Фестиваль нь Монгол үндэсний уламжлалт хоолыг гадаадын жуулчид, зочид төлөөлөгчид, наадамчин олонд сурталчлах, хоол хийх урлагийг хөгжүүлэх, наадамчдад амт чанартай хоол хүнсээр үйлчлүүлэх үндсэн зорилготой.
 
Энэ хүрээнд хамгийн том хуушуур хийсэн 2,  хамгийн амттай хуушуур хийсэн 2, хамгийн цэмцгэр асартай 2 , нийт 6 номинациар 12 иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулж тус бүр 1 сая төгрөгөөр шагнаж олон төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулна.
 
Баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгад  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар хамтран худалдаа, үйлчилгээнд хяналт тавин ажиллана. Энэ жил нийт 850 аж ахуйн нэгжид хуушуурын зөвшөөрлийг дүүргүүдийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс олгож байна.
 
Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгаас гадна  дүүргүүдийн тусгайлсан талбайд хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд иргэдэд үйлчилнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.