sonin.mn
УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж, энэ долоо хоногт байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Засгийн газрын бүтцийн талаар ямар нэг мэдээлэл алга. Засгийн газарт урьсан урилга бүр ч алга” гэлээ.
 
 Тэрбээр цааш хэлэхдээ, “Эдийн засгийн ил тод байдлын тухай, Өршөөлийн тухай хуулийг хамтад нь хэлэлцэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн алдаатай зүйл заалтаас болоод жирийн залуучууд  шоронд орох нь маш их болсон. Гэнэн томоогүйгээсээ болоод шоронд орсон, анх удаа ял эдэлж байгаа мөн улс төрийн хилс хэргээр ял эдэлж байгаа иргэдэд өршөөл үзүүлэх нь хэрэгтэй.
 
Мөн олон улсын санхүүгийн байгууллагаас авах зээлийг дэмжиж байна. Учир нь хүү багатай, урт хугацаанд төлөх тул хөгжлийн зээлийг дэмжиж байгаа. Түүнчлэн үйлдвэрлэлийн чиглэлээр, тэр дундаа "Халх гол" чөлөөт бүсийг дэмжиж байна. Цаашид биохүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлж бусад бүсэд адил загварын чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх нь зүйтэй.
 
Мөн Оюутолгойн талаарх мэдээллийг дахин сонсохоор төлөвлөж байна. Ойн тухай хуульд уламжлалт аргыг шингээсэн байх ёстой гэж үзэж байна. Бид олон зуун жилд ойтойгоо харьцаж ирсэн. Түүнийхээ үр шимийг зөвөөр хүртэж ирсэн учир ойг огтлох аргаа иргэд маань өөрсдөө мэдэж байгаа. Иймд мод огтлох төдийд өдий төдий шат дамжлага гаргах шаардлагагүй.
 
Эрүүгийн хуулийн зарим заалтыг дэмжихгүй байна. Засаг төрийн эсрэг үг хэлсэн, жагсаал хийсэн, эрх мэдэлтэнт гар хүрсэн бол шууд ял авдаг байхаар хуулинд тусгасан. Энэ нь төрийн эрх мэдэлд луйвраар хүрчихээд өөрсдийгөө хамгаалсан заалт оруулж ирсэн байна. Тухайлбал, “Хуулийн этгээд ял хүлээнэ” гэж оруулж ирсэн. Үүгээрээ компани дээр эрүү үүсгэдэг эсвэл иргэнд ял оноодог заалт тусгасан нь ял завших боломжийг олгож байна. Хүн гүтгэхийг 2 сая төгрөг болгож бууруулсан. Хууль ингэж гарвал хүн гүтгэх юу ч биш болно.  
 
Зөвхөн сонгуулийн үед хүн гүтгэвэл ял эдэлдэг байхаар оруулж ирж байгаа нь ёс зүйд нийцэхгүй юм. Одоогийн хувилбараар хууль батлагдвал жирийн иргэн ял эдэлж, мөнгөтэй төгрөгтэй нь ялаас мултардаг байхаар зохицуулж болохоор байна. НӨАТ-ын хууль орж ирсэн. Үүнийг хэлэлцүүлгийн явцад ажлын хэсэг гарч хуулиа орчин цагтайгаа нийцүүлсэн байдлаар гаргах ёстой” гэлээ.
 
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Халх гол” чөлөөт бүсийг дэмжиж байгаагаа илэрхийлсэний зэрэгцээ хэт давалгаалж, газар нутгаа сэндийчсэн байдал руу орох вий гэсэн болгоомжлол байгаагаа хэллээ. Үүний зэрэгцээ Органик хүнсний тухай хуулийг парламент батлах нь зүйтэй гэж үзэж байна. Өнөөдөр нийт хүн амын 5 хувь нь таргалалттай, 40 хувь нь харшил хавдартай, 10 төрөлтийн нэг нь ямар нэг гажигтай байгаа нь органик бус хүнстэй холбоотой.
 
Иймд энэ хууль нь цаг үеэ олсон хууль" гэв. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдсантай холбогдуулж энэ чиглэлийн сургалт мэдээллийг зохион байгуулахад анхаарч ажиллана гэдгээ мэдэгдэв.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг