sonin.mn
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын нэр бүхий гишүүд “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр /2015.07.03/ өргөн барилаа.
 
Өнөөгийн цаг үед ХХ зууны Монгол Улсын шинэ үеийн төрийн түүх, үүсэл хөгжил түүний үе шат, бодлого зорилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд, тэдгээрийн үр дүн, өнөөгийн хүрсэн түвшин, үе үеийн төр засгийн удирдагчдын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг үнэн мөнөөр нь гарган тавих, олон түмэнд зөв ойлголт өгөх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын хүрээнд судлан үзэж алдаа онооны сургамж авах түүхэн шаардлага улам ихээр тавигдаж байна.
 
Монголын ард түмэн энэ түүхэн гажуудлыг үнэн мөнөөр нь ойлгон мэдэрч төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалыг улс төрийн хувьд нь цагаатгах, түүхийн бодит үнэнийг гарган тавих, нэр алдрыг нь сэргээх хүсэлт, саналуудыг төрийн дээд шатны байгууллагуудад тавьж уламжилсаар ирсэн билээ.
 
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсан мэндэлсний 100 жилийн ой 2016 онд тохиож байгаа тул уг ойг тэмдэглэх асуудлын хүрээнд энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ.
 
Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Ардын болон гавъяат цолтнууд, түүхт хүмүүсийн 100 ба түүнээс дээш тэгш жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хууль, Засгийн газрын тогтоол холбогдох шийдвэрийг үндэслэн алдар нэрийг нь мөнхжүүлэх, нэрэмжит албан байгууллага, газар бий болгох, хөшөө дурсгал босгох, цогцолбор байгуулах боломжтой болно гэж үзжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.