sonin.mn
БЕРН. /Prensa Latina/. Олон улсын хөл бөмбөгийн холбоо буюу ФИФА-гийн өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр баривчлагдсан нөлөө бүхий долоон албан тушаалтныг шилжүүлэн өгөхийг АНУ Швейцариас хүссэн байна. Тэднийг авлига авсан хэргээр мөрдөн шалгаж байгаа юм. Швейцарийн шүүх, цагдаагийн газар энэ хүсэлтийг гаргасан АНУ-ын эрх бүхий байгууллагад ирэх долоо хоногт хариу өгөх аж.
 
Тавдугаар сарын 27-нд ФИФА-гийн жил тутмын уулзалт эхлэхээс хоёр хоногийн өмнө ФИФА-гийн албаны хүмүүс баривчлагдан шуугиан дэгдээсэн билээ. Энэ долоон хүн нь 24 жилийн хугацаанд 150 сая гаруй долларын авлига авсан, мөнгө угаасан зэрэг хэрэгт холбогдсон 14 яллагдагчийн дунд байгаа юм. Уг хэргийг мөрдөн шалгахад хамтран ажиллахаа ФИФА мөн мэдэгдсэн билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг