sonin.mn
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 17 дугаар хуралдаанаар 30 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Хувьцаат компаниуд тус хорооноос эрх авсан үнэлгээний байгууллагаар гурван жил тутамд үнэлгээ хийлгэх ёстой ч сүүлийн жилүүдэд үнэлгээ огт хийлгээгүй хувьцаат компаниуд ч байгаа юм.
 
Энэ байдлаас болж хувьцаа эзэмшигчид хохирдог тул хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудад хөрөнгийн үнэлгээ дахин хийлгэх шийдвэрийг хорооны хурлаас гаргалаа. Ялангуяа, хэлбэрээ өөрчлөх хүсэлт гаргасан хувьцаат компанийн хөрөнгийн үнэлгээ бодит бус байгаа тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн авах хувь багасч, жижиг хувьцаа эзэмшигчид хохирдог талтай.
 
Иймд гуравдугаар улиралд багтаан хөрөнгийн үнэлгээг Сангийн яамнаас зөвшөөрөл авсан үнэлгээний компаниар хийлгэж, жилийн эцсийн тайланд тусгахаар шийдвэрлэжээ.
 
Тус хуралдаанаар ХААН банкинд кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо. Үнэт цаасны тухай хуульд заасны дагуу өмнө нь Худалдаа хөгжлийн банк, Голомт банк кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваад байсан юм.
 
Харин ХААН банкны тухайд өнгөрсөн оны 12 дугаар сард тус хороонд кастодианы үйл ажиллагаа эрхлэх хүсэлтээ ирүүлжээ.  Хорооны зүгээс хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ болон журамд заасан бусад нөхцлийг хангасан эсэхийг судлаад энэ удаагийн хуралдаанаараа хэлэлцэн дээрх шийдвэрийг гаргасан юм.
 
 Ингэснээр ХААН банк Монгол Улсад гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын худалдаж авсан үнэт цаасыг хадгалах, эрхийг баталгаажуулах, хөрөнгө оруулалтын үйлчилгээ эрхлэх гурав дахь банк нь боллоо.