sonin.mn
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.07.03/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин танилцуулав.
 
Байнгын хорооны 2015 оны 7 дугаар сарын 1, 2-ны өдрүүдийн хуралдаанаар тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг тогтоолын төсөлд тусгасан байна.
 
Тогтоолын төслийн хавсралтын Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит ХХК, Монголын хөрөнгийн бирж ХХК-ийг хувьчлах жагсаалтаас хасах, мөн “Нийгмийн салбарт хийх хувьчлал, өөрчлөн байгуулалт” гэсэн 4.2 дахь хэсгийг бүхэлд нь төсвөөс хасах зэрэг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжсэн саналуудыг төсөлд нэг бүрчлэн тусгасан байна.
 
“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон найруулгын саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингэснээр "Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжлээ.  
 
Үүний дараа Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон найруулгын саналаар хураалт явуулж дууссаны дараа хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
 
 
Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар танилцууллаа.
 
Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Ганхуяг, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Ц.Оюунбаатар нар асуулт асууж хариулт авав.
 
Тухайлахад, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан асуултдаа, энэ конвенцид нэгдэн орсноор Монгол Улсын хэдэн хуульд ямар ямар өөрчлөлт орж байгааг тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Олон улсын конвенцид нэгдэн орсноор Монгол Улс ямар дэмжлэг, туслалцаа авах, мөн үйлдвэрлэлийн ослоос шалтгаалсан аваарын дийлэнхэд уул уурхайн салбарт ажиллагсад өртдөг болсон талаар танилцуулгад дурдагдсан. Энэ осол ил, далд уурхай болон том гэж яригддаг уурхайд гарч байна уу, эсвэл “нинжа” гэж нэрлэдэг гар аргаар ашигт малтмал олборлож байгаа хүрээнд гарч байна уу гэдгийг асуув.
 
 
Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэхүү Олон улсын конвенцид нэгдэн орсноор Монгол Улсын хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт орох асуудал байхгүй. Конвенци батлагдсанаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар холбогдох дүрэм, журам, стандартуудыг гаргах шаардлагатай байгаа.
 
Уул уурхайн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлын осол аваар, эндэгдэл, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн асуудал өндөр гарч байгаа. Танилцуулгад 2012-2014 оны статистик тоон мэдээлэл буюу хоёр жилийн тооцоо судалгаа дурдагдсан. Уул уурхайн салбарт гарч байгаа осол аваарын шалтгааныг судалж үзэхэд нийтдээ 20 орчим хувь нь техник, тоног төхөөрөмжийн гэмтэл, эвдрэлээс хамаарсан үзүүлэлт гарч байгаа.
 
Мөн аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг мөрдөөгүй, аюулгүй ажиллагааны арга барил дутмаг, энэ чиглэлээр хангалттай суралцаагүйтэй холбоотой. Түүнчлэн бусад хүрээнд гал буюу химийн бодис, тэсрэх материалтай хамааралтай осол эндэгдэл гарч байна. Энэ конвенцид нэгдэн орсноор хөдөлмөр аюулгүй, эрүүл ахуйн эрх зүйн орчныг тодорхойлоход суурь болж өгөх юм. Мөн талуудад нэмэлт, үүрэг хариуцлагуудыг бий болгоно гэв.
 
Ингээд “Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 78,9 хувийн саналаар дэмжив.
 
Үүний дараа Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцуулав.
 
 
Хуулийн төслүүдийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн С.Батболд хуулийн төсөл батлагдсаны дараа мод бэлтгэх журамд нойтон мод бэлтгэлийн талаар тодорхой зохицуулалт оруулж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох яам болон мэргэжлийн хяналтын байгууллагад анхааруулсан байна.
 
Мөн Хууль зүйн байнгын хорооноос Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн төслүүдтэй хамтатган хэлэлцэхээр санал, дүгнэлт ирүүлсэн тул уг төслийг Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэхээр тогтсон байна.
 
Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Хаянхярваа нар аливаа хууль гарсны дараа бүрэн дүүрэн хэрэгждэг байх ёстой. Иймээс хариуцлагын тогтолцоог сайжруулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн. Мөн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааны талаарх зохицуулалтыг дараагийн хэлэлцүүлгийн шатанд сайтар нягталж үзэх нь зүйтэйг хэлэв. 
 
Хэлэлцүүлгийн явцад байнгын хорооноос дэмжигдсэн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай , Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулж дууссаны дараа хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.