sonin.mn
УДБЭТ-ын хамт олон энэ сарын 4-нд Чингисийн талбайд “Best of Classic-Open air” тоглолтоо толилуулах гэж байна. Энэхүү тоглолтын талаар тус театрын уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
 
Хэвлэлийн хуралд УДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул, тус театрын уран сайхны удирдагч, ардын жүжигчин А.Дашпэлжээ, МУГЖ Э.Амартүвшин, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Б.Батцэнгэл,  “Саунд оф Монголиа” компаний захирал Х.Дамдинсүрэннар оролцов.
 
Тэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй энэхүү тоглолтоор үндэсний болон дэлхийн сонгодог бүтээлээс сонгож, өвөрмөц тайз, онцгой хөтөлбөрийг үзэгчдэд хүргэхийг тэд зорьж байгаа хэллээ.
 
УДБЭТ-ын уран сайхны удирдагч А.Дашпэлжээ: Өнгөрсөн жил бид дотоодын болон гадаадын бүтээлийг сорчилж тоглосон бол энэ удаа зөвхөн дэлхийд сор болсон сонгодог бүтээлийг тоглоно. Сонгодог бүтээлд оролцож байгаа уран бүтээлчид ч мэдээж шилдгийн шилдэг байж таарна. Тиймээс өнөөдөр уран бүтээлчид хэн нь хэн бэ гэдгээ харуулахын тулд үүнд оролцохоор өрсөлдөж байна.
 
Тиймээс ирэх жил зөвхөн манай театрын уран бүтээлчид биш гадаадад суугаа болон орон нутгийн уран бүтээлчид ид хаваа гайхуулах байх. Тэгэхээр залуу уран бүтээлчдийн өмнө ч нээлттэй болно. Өнгөрсөн жилийн тоглолтыг 2500 хүн үзсэн. Гэтэл улам их хүн үзэх байж гэсэн яриа гарсан болохоор энэ удаа 3500-4000 үзэгч цуглана.
 
Нэмж хэлэхэд сонгодог урлаг гэдэг тухайн орны хөгжлийг харуулдаг. Урд шөнө л гэхэд МУГЖ Г.Ариунбаатар маань “урлагийн олимп”-т түрүүллээ. Түүний өмнө манай театрын гоцлол дуучин Э.Амартүвшин мөн л том амжилт үзүүлсэн. Үүнээс харахад манай улсын сонгодог урлагийн хөгжил сайн байгаа.   
 
“Саунд оф Монголиа” компаний захирал Х.Дамдинсүрэн: УДБЭТ-ын уран бүтээлчидтэй би анх танилцсанаасаа хойш олон жилийн нүүр үзжээ. Өмнө нь зөвхөн театрын хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан ч сүүлдээ арай том арга хэмжээ зохион байгуулья гэсэн санаа төрж, тэдэнд хэлсэн. Тэд мэдээж сайхан хүлээж авч өнөөдөр хоёр дахь жилдээ уг арга хэмжээгээ өлгийдөх гэж байна. Театр маань 500 хүний суудалтай. Харин задгай талбайд тоглуулвал олон мянган хүнд зэрэг хүргэж болох давуу талтай.
 
Тус театрынхан өнгөрсөн энэхүү тоглолтыг өнгөрсөн жил  “Саунд оф Монголиа” компани, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр төв талбайд толилуулж байсан юм.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг