sonin.mn
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.07.02/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ. Тогтоолын төслийн талаар санаачлагч гишүүн Д.Ганбат танилцуулсан юм.
 
Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг баталсан УИХ-ын 1993 оны 59 дүгээр тогтоолыг гарснаас хойш хугацаанд нийт 7 удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд тогтоолын нэгдүгээр хавсралтад прокурорын газрын нэрийг Дархан хот, Эрдэнэт хот, Чойр хот дахь прокурорын газар, прокурорын газрын байрших газрын нэрийг Цэцэрлэг хот, Өлгий хот, Булган хот гэм мэтээр заасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн агуулга, зохицуулалттай зөрчилдөж байгаа хэмээсэн юм.
 
Түүнчлэн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж, мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай зарим прокурорын газрын нутаг дэвсгэрийн харьяаллыг уялдуулах шаардлага үүсчээ.
 
Дээрх үндэслэл, шаардлагын дагуу “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийг боловсруулсан аж.
 
Тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл уншиж танилцуулсан юм.
 
 
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Ингээд хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
 
Үүний дараа Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-дахь МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага аваад байсан бөгөөд завсарлагын хугацаа өнөөдөр дууссан юм.
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Завсарлага авсан хугацаандаа Байнгын хороо, ажлын хэсгийн гишүүдтэй ярилцан нэлээд мэдээлэл авсан гээд хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт үйлдэл хийсэн хүнд ял оногдуулахын хамт уг хуулийн этгээдэд давхар ял оноох нь зүйд нийцэх эсэх, түүнчлэн хуулийн этгээдэд оногдуулах мөнгөн шийтгэлийн хэмжээний асуудлаар хэлэлцэн ойлголцсон хэмээлээ. Тэрбээр дээрх асуудлаар санал хураалтын явцад тухай тухайн үед нь ярилцаад явья гэж тогтсон гэж мэдэгдсэн юм. Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулж эхэлсэн юм. Үдээс өмнөх хуралдаанаар нийт зарчмын зөрүүтэй 86 саналын томьёоллоор санал хураалт явуулсан.
 
 
Гишүүд хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бус үйл ажиллагаа авуулсан хүнд оногдуулсан ялыг хуулийн этгээдэд давхардуулан оногдуулахгүй байх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн бөгөөд давхардуулж ял оноохгүй, ял халдаан хэрэглэхгүй гэж тогтсон юм. Зорчих эрхийг хязгаарлах гэдэг шийтгэлийн талаар гишүүд тодруулан асууж байлаа. Ажлын хэсгийн гишүүдийн тайлбарласнаар, энэ нь гадаад руу зорчих эрхийг хязгаарлахтай хамааралгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүний тодорхой газраар явах, тодорхой байгууллага руу нэвтрэхийг хориглон, зорчих газрыг тодорхой заах тухай шийтгэл юм байна. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг хохирогчийн ажил руу нэвтрэх, оршин суугаа газар руу нь ойртохыг хориглох ажээ. Санал хураалт үдээс хойшхи хуралдаанаар үргэлжилнэ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.