sonin.mn
АСЕМ-ийн Дээд АСЕМ-ийн Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалт ирэх онд Монгол Улсад болно. Уг уулзалтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зөвлөгөө өгөх зорилгорор АСЕМ-ийн асуудал хариуцсан Ерөнхий зөвлөх Майкл Мэтисоноор ахлуулсан Европийн холбооны төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.
 
Уг айлчлалын талаар өнөөдөр АСЕМ-ийн асуудал хариуцсан Ерөнхий зөвлөх Майкл Мэтисон хэвлэлийнхэнтэй уулзаж мэдээлэл өглөө. Тэрээр  “Анх 1996 онд 26 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн Ази-Европийн уулзалт болох АСЕМ нь өнөөдөр Ази тивийн 21, Европийн 30 улс, олон улсын 2 байгууллагыг нэгтгэсэн Засгийн газар хооорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны албан бус үйл явц юм.
 
Ирэх онд Монгол улсад энэхүү Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаа нь маш чухал ач холбогдолтой гэж харж байгаа. Монгол улсыг амжилттай зохион байгуулах тал дээр бидний зүгээс шаардлагатай бүхий л туслалцааг үзүүлнэ.
 
Энэхүү уулзалтаар 53 орны төрийн тэргүүн Монгол Улсад айлчлах бөгөөд үүнийг даган хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгддэг жишиг бий. Энэ хүрээнд Монголын  гадаад харилцаа, шинэ түвшинд хүрэх өргөн боломж нээгдэнэ.
 
Мөн бизнесийн урт, богино хугацааны гэрээ хэлцэл, байгуулах боломжууд нээгдэж, Монгол улстай хамтран ажиллах итгэл үнэмшил нэмэгдэх, гадны хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэх зэрэг оон талт эерэг үзүүлэлтүүд бий. Түүнчлэн урлаг соёл, нийгмийн салбарт олон улс орнуудтай хамтран ажиллах, туршлага солилцох үүд хаалга нээгдэх юм” гэлээ.
 
Түүний мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхосон асуултандаа хариулт авав.
 
-2014 онд Италийн Милан хотноо болсон АСЕМ-ийн уулзалтын үр дүнг хэрхэн дүгнэж байгаа вэ?
 
-2014 онд болсон уулзалт маш үр дүнтэй, сайхан уулзалт болсон гэдгийг онцлон хэлмээр байна. 53 орны төрийн тэргүүн бүгд ирсэн. Улс орнуудын төрийн тэргүүнүүд бүс нутгийн болон улс хоорондын зөрчилдөөн, харилцаа, хамтын ажиллагааны тал дээр санал солилцож, тодорхой шийдлүүдэд хүрч чадсан гэж харж байгаа.
 
АСЕМ-ийн уулзалт нь Улс төр, Эдийн засаг,Соёл урлаг гэсэн гурван хэсгээс бүрддэг. Мөн Ази-Европийн хүмүүсийн харилцаа холбоог хэрхэн сайжруулах, шинжлэх ухаан, аялал жуулчлалын тал дээр хүмүүс хоорондын харилцааг хэрхэн нэмэгдүүлэх вэ зэрэг асуудлуудаар хэлэлцэж чадсан.
 
-Манай улсад үзүүлэх тусламжийн талаар тодруулбал?
 
-Зохион байгуулагч оронд үзүүлэх хамгийн чухал тусламж бол техникийн туслалцаа юм. Бид олон Дээд хэмжээний уулзалт зохион байгуулж байсан туршлагатай. Одоогоор хурал зохион байгуулах туршлага болон орчуулгын чиглэлээр хамтран ажиллаж байна.
 
-Энэхүү Дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад бидний зүгээс ямар ажлууд хийх шаардлагатай гэж харж байгаа вэ?
 
-Монгол Улс гуравхан сая хүн амтай мөртлөө ийм том хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаа нь бахархууштай явдал. Тиймээс жирийн иргэдээс эхлээд энэхүү уулзалтыг амжилттай зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх нь чухал. Мэдээж замын түгжрэлээс эхлээд бэрхшээл гарна. Гэхдээ энэ бүхнийг шйидвэрлэхээс өөр арга байхгүй.
 
Дэлхийн 53 орны төлөөлөгчийг дагаад 1000 гаруй сэтгүүлчид ирнэ гэж тооцоолж байгаа. Тэдгээр сэтгүүлч дунд Монгол улсад ирж үзээгүй хүмүүс олон бий. Өөрөөр хэлбэл 1000 сэтгүүлч энэ хурлаар дамжуулан Монгол Улсыг дэлхийд сурталчлах асар том боломж нээгдэж байгааг харж болно. Тиймээс иргэн бүрийн оролцоо, дэмжлэг чухал үүрэгтэй.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг