sonin.mn
ЛОНДОН. /ВВС/. Европын улсуудад цаг агаар хэт халж, температур Цельсийн 40-өөс дээш градуст хүрч байна. Цаг агаар хэт халж байгаа нь хөгшид болон эмзэг давхаргынхны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.
 
Энэ долоо хоногийн эхээр Испанийн Кордоба хотод температур Цельсийн 44 градус хүрснээр тус улсад болон Португалид түгшүүр зарласан юм. Франц, Итали, Бельги болон Нидерландад мөн цаг агаар хэт халж байна. 
 
Ойрын өдрүүдэд Европын улсуудад температур буурах төлөвгүй байна. Францын нийслэл Парис хотод температур 40 градус хүрсэн нь 2003 онд хэт халууны улмаас 15 мянга орчим хүн амь эрсдэж байсан гашуун дурсамжийг сэдрээж байна.
 
Тус хотод олон нийтэд зориулсан тусгай агааржуулагчтай өрөөнүүд болон ахмадуудыг үзэх эрүүл мэндийн түр төвүүдийг нээжээ. Их Британид цаг агаар сүүлийн есөн жилд байгаагүйгээр халж, температур 34 градус хүрсэн аж.
 
Өдрийн цагаар наранд гарахгүй байх, нарнаас хамгаалах тос түрхэх, саравч өмсөх болон ус сайн уухыг ард иргэддээ Европын улсуудын албаны хүмүүс уриалж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг