sonin.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.
 
Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Д.Ганбат боловсруулж, энэ сарын 01-нд өргөн мэдүүлсэн байна. Уг тогтоол  батлагдсанаар прокурорын байгууллагын зохион байгуулалт нь Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцэх бөгөөд эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бүрдэнэ хэмээн төсөл санаачлагч үзэж байгаа аж.
 
Хэлэлцэж буй асуудалтай холобгдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Ер нь бол шүүгч, прокурорыг ард түмнээр сонгуулдаг болох чиглэлээр ажиллах хэрэгтэй. Ингэснээр хараат бус, шударга, үнэн зөв шийдвэр гаргах боломж бүрдэнэ гэсэн санал хэлэв.
 
Мөн УИХ-ын гишүүн Оюунбаатар, “Улс төртэй хутгалдсанаар өнөөгийн хуулийн байгууллагын нэр хүнд доошилж байна. Тиймээс улс төрөөс хараат бус байх боломжийг УИХ бүрдүүлж өгөх хэрэгтэй гэв.
 
Ийнхүү хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
 
Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд  Хууль зүйн байнгын хороо үдийн цайны цагаар хуралдаж, чуулганы үдээс хойших хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийхийг үүрэг болгов.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг