sonin.mn
Орос улсын мөрдөн байцаах хороо 1998 онд алагдсан Нефтеюганск хотын дарга В.Петуховын аллагатай холбоотой эрүүгийн хэргийг дахин сэргээжээ. Ингэхдээ гол хэрэгтнээр ЮКОС –ын экс тэргүүн Михаил Ходорковскийг гол сэжигтнээр үзэж байгаа тухай Орос улсын мөрдөн байцаах хорооны хэвлэлийн төлөөлөгч Владимир Маркин өчигдөр мэдэгдлээ.
 
Тэрбээр мөрдөх ажиллагааны явцад аллагатай холбоотой шинэ мэдээлэл гарч ирсэн тухай ярьжээ. Шуурхай мэдээллээр, аллагыг Михаил Ходорковский болон бусад ЮКОС-ын экс тэргүүнүүд захиалсан байж болзошгүй аж. Орос улсын мөрдөн байцаах хороо ойрын үед түүнийг байцаах ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд түүний Орос улсаас гадна амьдарч буйг хүндрэлтэй хэмээнд үзэхгүй байна хэмээн өнөөдөр “Известия” сонинд өгүулжээ. 
 
Сонирхуулахад, ЮКОС-ын экс тэргүүн Михаил Ходорковский эдийн засгийн гэмт хэргээр 11 жил шоронд хоригдож байгаад 2013 оны 12- р сард ерөнхийлөгч Путины өршөөлөөр суллагдсан билээ. Үүний дараа тэр Орос улсаас гарч Европд амьдарч байгаа юм. 
 
Өмнө нь Петуховын аллагын хэргээр ЮКОС-ын аюулгүй байдлын албаны дарга Алексей Пичугин насан туршийн ял авсан бол нефтийн компаний хувь нийлүүлэгч асан Леонид Невзлин эчнээгээр яллагдаж байв. Михаил Ходорковскийн өмгөөлөгч мэдэгдэлдээ, мөрдөн байцаах хорооны мэдэгдэлийг “зөгнөл”хэмээн нэрлэжээ.
 
Москва хот. А.Огторгуймаа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг