sonin.mn
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
 
Тус хуулийн төсөлд Үндэсний түүх, өв соёлыг баяжуулах, дэлхий дахинд сурталчлах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор Оросын Холбооны Улсын нэрт уран барималч Даш Намдаковын бүтээсэн “Чингис хаан” барималыг импортын гаалийн албан татвараас чөлөөлөхөөр тусгасан.
 
Гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн Я.Санжмятав хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг нь хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив.
 
Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Жилийн санхүүжилтийн хөтөлбөрийн төсөл”-ийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай 2014-2016 онд хамтран ажиллах стратегийн баримт бичиг байгуулж, энэ хүрээнд хөдөө аж ахуй, санхүү, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, нийгмийн салбаруудад хамтран ажиллахаар тохиролцсон.
 
Эдгээр салбарт 2015-2016 онд Азийн хөгжлийн банкнаас нийтдээ 272 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэр хуваарилсан. Төслүүдийн зээлийн санхүүжилтийг цаг хугацаанд нь авах, зээлийн хэлэлцээрүүдийг энэ онд багтаан Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлөөр батлуулах шаардлагатай байгаа учраас төслүүдийн зээлийн асуудлаар УИХ-тай нэгтгэсэн байдлаар зөвшилцөж, соёрхон батлуулах зорилгоор Жилийн санхүүжилтийн хөтөлбөрийг боловсруулаад байгааг төсөл санаачлагч илтгэлдээ дурдлаа.
 
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж зарим асуудлыг тодруулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл Монгол Улс Азийн хөгжлийн банктай хамтарч нийт хэдий хэмжээний санхүүжилттэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд байгааг лавлаж байв.
 
Ажлын хэсгийнхний зүгээс, “1991 оноос хойш Азийн хөгжлийн банкнаас 1,6 тэрбум ам.долларын зээл авсан. Үүнээс гадна 218 сая ам.долларын буцалтгүй тусламж авсан. Одоо хэрэгжиж байгаа төсөл гэвэл 544 сая ам.долларын зээлийн төсөл хэрэгжиж байна” гэсэн тайлбарыг өгч байлаа. Мөн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар зээл л байвал аваад байх нь зөв үү, улсын өрийн босготойгоо хэрхэн уялдуулсан бэ гэсэн асуудлыг Сангийн сайдад тавьсан.
 
Сангийн сайд Ж.Эрдэнэбат өрийн босгыг даваагүй, ер нь Засгийн газар хөгжлийн зээлүүдийг авах нь зөв зүйтэй хэмээн үзэж байгаа гэсэн хариулт өгсөн юм. Ингээд төслийг зөвшилцөхийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн тул энэ тухай санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг