sonin.mn
Монгол Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд өнөөдөр /2016.07.01/ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Хуинь Нгок Сөн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хэлэлцээ хийв.
 
Хэлэлцээ хийх үеэр,  Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд Вьетнамын Үндэсний Ассамблейн дэд дарга Хуинь Нгок Сөн тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байгаад баяртай байгааг илэрхийлж, энэхүү айлчлал нь хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг онцлов.
 
Тэрээр, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ард түмний харилцан итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
 
Мөн түүнчлэн, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ нэн чухал ач холбогдолтой болохыг дурдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 онд БНСВУ-д хийсэн төрийн айлчлал хоёр орны дээд өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал болсныг дурдаж, цаашид харилцан айлчлал, улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.  
 
 
БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Хуинь Нгок Сөн хэлэхдээ, Вьетнамын Үндэсний Ассамблей төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнээрээ айлчилж буйг Монгол Улсын Их Хурлын дарга, удирдлага болон ард түмэн халуун дотноор угтан авч байгаад талархал илэрхийлэв. Вьетнам Улс Монгол Улстай уламжлалт урт хугацааны харилцааг өндрөөр үнэлдэг гээд энэ удаагийн айлчлал нь хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой гэв.
 
Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд, Вьетнамын Үндэсний Ассамблейн Эдийн засгийн болон Аюулгүй байдлын байнгын хорооны дарга, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга мөн 5 генерал багтсан байгааг танилцуулав. Мөн тэрээр, Вьетнам Улсын үндэсний чөлөөлөх тэмцэлд Монгол Улс дэмжиж, тусалж байсныг түүнчлэн Монгол Улсад амьдарч, сурч байгаа Вьетнам иргэдэд таатай эрх зүйн орчин бүрдүүлж өгсөнд талархал илэрхийлэв.
 
 
Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд, Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан энэ оны хоёрдугаар хагаст Улаанбаатар хотноо зохиогдохоор төлөвлөж байгааг дуулгав. Монгол Улс АСЕАН-тай идэвхтэй ажиллах сонирхолтой байдаг бөгөөд Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцож, АСЕАН-ын Яриа хэлэлцээний түнш болох Монгол Улсын эрмэлзлийг Вьетнам Улс дэмжиж хамтран ажиллана гэдэгт найдаж буйг тэмдэглэлээ.
 
Мөн Монгол Улс 2022 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы үеэр болох Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний 2023-2024 оны сонгуульд нэрээ дэвшүүлээд байгааг дурдаж, Вьетнам Улс дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа хоёр талын төлөөлөгчид хэлэлцээ хийх үеэр илэрхийлэв.
 
 
Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд өнөөдөр /2016.07.01/ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Хуинь Нгок Сөнтэй хэлэлцээ хийх үеэр Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга З.Баянсэлэнгэ, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.