sonin.mn
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Галт зэвсгийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Жил ирэх тусам галт зэвсэг хэрэглэн үйлдэж буй гэмт хэргийн тоо ихсэж байгаа, галт зэвсэгтэй холбоотой мэдээ баримтыг нэгтгэх байгууллага тодорхой бус, галт зэвсгийг хадгалах, авч явах, борлуулах зэрэг зохицуулалт нь тодорхой бус, хариуцлагын хэм хэмжээ сул, галт зэвсэгтэй адилтгах хүнийг хөнөөх чадвартай хэрэгслийн талаарх зохицуулалт байхгүй зэргийг судлан үзсэний үндсэн дээр Галт зэвсгийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулжээ.
 
Тухайлбал, галт зэвсгийг иргэний, харуул хамгаалалт, хууль сахиулагчийн болон албаны гэж ангилсан ба түүнтэй холбоотой нарийвчилсан зохицуулалтыг хуульчилжээ. Мөн хуулийн төсөлд иргэн, хуулийн этгээдэд галт зэвсгийг өмчлөх, эзэмших, ашиглах, бүртгүүлэх, үнэмлэх олгох, хадгалах, хязгаарлах талаар тусгасан аж.
 
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд ан хийх зориулалтаар худалдан авсан хагас автомат бууг хэрхэн зохицуулах болон спортын зориулалтын буу, сумыг ямар журмаар хил нэвтрүүлэх тухай хууль санаачлагчаас тодрууллаа.
 
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, “Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр ангийн зориулалтаар хагас болон бүрэн автомат буу худалдахыг хориглоно. Саяхан их хэмжээний хагас автомат бууг ангийн буу нэрийдлээр борлуулсан хэрэг гарсан. Нэгэнтээ ангийн зориулалтаар худалдаалагдсан иргэдийн гар дээр байгаа хагас автомат бууг ашиглахыг нь хориглохгүй.
 
Гол нь бүртгэлд хамруулах шаардлагатай. Одоо үйлчилж байгаа хуулиар спортод ашигладаг сумыг хил гаалиар нэвтрүүлэхтэй холбоотой зохицуулалт огт байгаагүй. Үүнээс болж тамирчин буу, сумаа хилээр нэвтрүүлж чадахгүй 2 жил болж байсан тохиолдол бий. Харин шинэчилсэн хуулиар энэ бүхнийг тодорхой заасан” хэмээн тайлбарлав.
 
Ийнхүү хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болж, байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулах болов.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг