sonin.mn
МУГЖ С.Жавхлан, Гавьяат тамирчин Ц.Шаравжамц тэргүүтэй хүмүүс өнөөдөр Чингисийн талбайд өөрсдийнх нь хэлсэнчлэн “төрийн эсрэг үсээ хусуулж” тэмцэл хийж байна. С.Жавлхан нарын энэхүү үйл хэргийг дэмжиж үсээ хусуулахаар дэмжигчид цуглав. Энэ үеэр тэрбээр Төрийн ордноос Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нарыг гарч ирэхийг шаардаж, Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүсийг суллах хэрэгтэй хэмээн уриаллаа. С.Жавхлангийн зүгээс “Үсээ хусуулах бол эсэргүүцлийн дээд хэлбэр. Өөрсдийн толгойг ухахгүй өвөг дээдсийнхээ үлдээсэн толгойг ухах гэж дайрахаа болиоч. Газар шороогоо зарж монгол түмнийг гомдоогоод байгаа энэ хүмүүсийг тараач гэж шаардаж байна. Эрх нь зөрчигдөж байгаа хүмүүсийг өмөөрч, суллаж, уучлал гуйх хэрэгтэй. Монголчууд бүгд татварын өрөнд орчихсон хэцүү байна. Бүгдээрээ энэ хүмүүсийг гарч иртэл нь шаардаж асууя” хэмээн өмнөх удаад мэдэгдэж байсан билээ.