sonin.mn
Нийслэлийн “Хүрээ” амаржих газар/хуучнаар II  амаржих газар/ Койкагийн сайн дурын гишүүн Ким Хёнжигийн санаачилгаар төрөхийн өмнөх болон төрөх өрөөндөө  иж бүрэн засвар  хийж тоног, төхөөрөмжөөр хангалаа.
 
Энэхүү нээлтийн ёслолын ажиллагаанд Койкагийн суурин төлөөлөгчийн газрын дарга Чой Хын Ёл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Л.Батцэцэг, эх барих эмэгтэйчүүд, нярайн асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Октябрь,  “Хүрээ” амаржих газрын дарга Б.Оюунханд,  удирдлагын баг, эмч сувилагч, ажилтан албан хаагчид оролцов.
 
Койкагийн суурин төлөөлөгчийн газрын дарга Чой Хын Ёл хэлэхдээ, “Амаржих газрын тохижилтын ажилд гар бие оролцон хамтран ажилласан “Хүрээ” амаржих газрын хамт олон болон төслийг санаачилсан  манай байгууллагын сайн  дурын гишүүн Ким Хёнжид талархал илэрхийлье.
 
Энэ удаагийн төслөөр Койка Олон улсын байгууллагаас 25.550 ам.долларын санхүүжилтийг зарцууллаа. Тус амаржих газарт төрж  буй эхчүүд болон нярайд зориулан төрөхийн өмнөх ба төрөх өрөөг шинэ технологит эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглосноор үйлчилгээний чанар сайжирч, төслийн хүрээнд хийсэн ажлууд ач холбогдлоо өгч  эх  нярайн  эрүүл мэндэд үнэтэй хуь нэмэр оруулна гэж найдаж байна” гэв.
 
Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын дарга Б.Оюунханд Койкагийн санхүүжилтээс гадна  тус амаржих газраас 8.350 ам.доллар зарцуулан хамт олноороо  энэ төслийн ажилд сэтгэл зүтгэл гарган  гар бие оролцож, богино хугацаанд  хийж дуусгалаа. Манай амаржих газарт жилдээ  5000 гаруй эх эсэн мэнд  амаржиж төрдөг. Үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангасан орчинд  эхчүүддээ  үйлчлэх болсондоо сэтгэл хангалуун байна” гэв.
 
Энэхүү төслийг санаачилсан Койкагийн сайн дурын гишүүн Ким Хёнжийг  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын  “Хүний төлөө”  медалиар  шагнасан юм.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг