sonin.mn
Монгол залуус монгол мориор дэлхийг тойрон аялах гэж байна. Энэ талаар Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга, аялалыг санаачлагчдын нэг Э.Хишигбаяртай ярилцлаа.
 
-Юуны түрүүнд аялалынхаа талаарх мэдээлэл өгөх үү?  
 
-Монголын Залуучуудын холбоо олон нийтийг хамарсан арга хэмжээг түлхүү зохион байгуулдаг. Холбооны дэргэдэх Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв аялал жуулчлалын боловсролд зориулж олон арга хэмжээ зохион байгуулдаг. Бидний энэ жилийн ажлын төлөвлөгөөний нэг нь “Евро Азийн нутгаар олон улсын морин аялал” зохион байгуулах юм. Энэхүү аялалдаа өнгөрсөн оны есдүгээр сараас бэлдэж, сар шинийн өмнө энэ талаарх мэдээллээ олон нийтэд хүргэсэн. Энэ аялалын гол зорилго бол Монгол морийг дэлхийд таниулах юм. Мөн бид монгол морьноосоо гадна монгол соёлоо сурталчлах зорилготой. Бид мэргэжлийн урлагийн хүн биш хэдий ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн ч хөөмий, уртын дуу, морин хуур, цуур хөгжим, бие биелэгээ, монгол бичгээр уран бичих зэрэг үзүүлбэрийг үзүүлж сурталчлах юм. Тухайн улс оронд байгаа Элчин сайдын яам, Консулын газар, тэнд оршин суудаг иргэдтэйгээ хамтран монгол соёлоо сурталчилна. Манай улс аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчид татахын тулд “Визит Монголиа”, “Десковер Монголиа” зэрэг арга хэмжээг зохион байгуулж байсан. Мөн саяхан Берлиний олон улсын үзэсгэлэнд түнш орноор оролцож, жуулчид татах бодлогоо хэрэгжүүлсээр байна. Энэ үйл ажиллагаатай бидний үйл ажиллагаа уялдаж байгаа юм.   
 
 
-Мориор аялж болно. Гэхдээ Франц хүртэл гэдэг хол санагдаад байна. Мориор энэ хүртэл аялал хийх боломжтой юу?
 
-Адуу төв Ази тэр дундаа Монголоос үүссэн гэдгийг эрдэмтэн баталсан байдаг. Өөрөөр хэлбэл, адууны өвөг эцэг нь монголоос гаралтай юм. Монгол адуу нь эрт дээр үеийн хэв шинжээ хадгалж үлдсэн гэдгээрээ онцлог. Бидний өвөг дээдэс дэлхийн талыг эзэлж байсан. Тэдний энэ түүхийг морьгүйгээр төсөөлөхийн аргагүй. Дэлхий нийтэд ч бид морьтон монгол гэж танигдсан байдаг. Гадны жуулчид хамгийн түрүүнд “Та морь унадаг уу” гэж асуудаг. Тэгэхээр манай улсын аялал жуулчлалын бас нэг гол имиж нь морь юм.
 
Хүннүгийн үед монгол морь европ хүрсэн түүх бий. Үүний дараа Батхаан, Чингис хааны үед монгол мориор европ хүрч байсан. Цөөн хүн амтай хэдий ч мориныхоо хүчээр дэлхийн талыг эзэлж явсан. Мөн эх орны дайны үед ЗХУ руу 15 мянга гаруй агт морь бэлэглэж тэдгээр морьд нь Герман хүрч байсан түүхтэй. Эх орны ялалтад монгол морь голлох үүрэг гүйцэтгэсэн гэхэд хилсдэхгүй юм. Харин бид орчин цагт монгол морь хаа хүрч чаддагийг харуулах зорилгоор аялалын шинэ түүхийн хуудсыг нээж байна.
 
-Франц хүртэл хэдэн километр замыг мориор туулах вэ. Дан мориор аялах уу, эсвэл машинтай хослох уу?
 
-ОХУ, Беларус, Польш, Германы газар нутгаар дайрч Францад очно. Мориор 10054 мянган километр замыг туулна. Франц хүрчихээд морио Монгол руу буцааж, зүүн Европ, дундад Азийн 22 орноор машинаар аялах төлөвлөгөөтэй байгаа.
 
-“Урлагийн үзүүлбэр үзүүлнэ гэхээр багийн бүрэлдэхүүнд урлагийнхан явж байгаа хэрэг үү?
 
-Аялалын багийнхан маань СУИС болон Хөгжим бүжгийн коллежийн багш нараар хичээл заалгаж, бэлтгэл хийж байгаа. Үүгээрээ бид монгол хүн монгол соёл, урлагаа сурч, олон түмэнд дэлгэрүүлээч гэдэг урилгыг дэвшүүлж байгаа юм. Уртын дуу, хөөмий нь өвөг дээдсээс ирсэн зөвхөн бидэнд зориулсан өв соёл шүү гэдгийг хэлмээр байна.
 
-Хэдэн хүн аялалд явах вэ?
 
-Найман хүний бүрэлдэхүүнтэй явна. Үндсэн гурван аялагч, фото зурагчин, малын эмч, телевизийн цуврал нэвтрүүлэг, баримтат кино хийх уран бүтээлч гэсэн бүрэлдэхүүнтэй явах юм. Мөн морин аялал учраас сэлгээ морьд, тэдгээрийн өвс тэжээл, усыг тээвэрлэх машин болон үйлчилгээний машин хамт явна. Бид эндээс Монгол гэр авч явна. Очсон газар бүртээ барьж, тэндээ урлагийн тоглолт хийх юм.
 
-Аялалдаа хэзээ гарах вэ?
 
-Бидний энэ аялал хэдхэн хоногийн аялал бус зургаан сараас нэг жилийн хугацаанд үргэлжлэх юм. Өөрөөр хэлбэл, гадны улс орнуудад эх орноо бүтэн жилийн турш сурталчилж таниулах юм. Наадмын дараахан аяллаа эхлүүлнэ. Ингээд Монголын хил гараад ОХУ-ын нутаг хүрэхэд Халимагийн нэрт аялагч Юрий биднийг тосч, хамтран аялна. Юрий 2007 онд Улаанбаатараас Халимаг хүртэл морь, тэмээгээр аялж байсан туршлагатай аялагч. Түүний аялалыг Монгол Улсын Ерөнхийлөгч болон Халимагийн Ерөнхийлөгч үдэн гаргаж өгч байсан түүхтэй. Энэ хүн маань Франц руу морь, тэмээгээр аялахаар төлөвлөж байсан юм билээ.
 
-Мориор өдөрт хэдэн километр явах боломжтой вэ. Та нар өдөрт хэдэн километр явахаар төлөвлөж байгаа вэ?
 
-Миний хувьд 2002 оноос хойш морин аялалыг эх орондоо зохион байгуулж байсан. Бид морьдоо тэсвэр хатуужилтай байх эрүүл чийргийг нь сонгож авсан. Аргамжааны буюу тарган хонины морьдоос сонгосон. Хонины морь өдөрт 80-90 километр туулах чадвартай гэж судлаачид ярьдаг. Бидний хувьд өдөрт туулах замаа харилцан адилгүйгээр тооцож байгаа. Хоноглох газрын хувьд урьдчилан тооцох боломжгүй. Бид явж үзээгүй газраараа явах учраас өдөр бүр шинэ газар, шинэ хүн, шинэ зам, шинэ хот, шинэ байгалийн үзэгдэл тохиолдох байх. Тиймээс тухайн үедээ аль таатай газрыг нь сонгон хоноглох байх.
 
-Та нарыг аялалыг төр засгаас дэмжиж байгаа юу. Ямар байгууллага дэмжиж ажиллаж байна вэ?
 
-Бидний энэ аялал урт хугацааных учраас зориг, тэвчээр, хөрөнгө мөнгө шаардана. Тиймээс төр засгийн болон иргэдийн маань дэмжлэг маш чухал. Аялалыг маань дэмжих хүсэлтээ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нарт албан бичгээр хүргүүлсэн. Удахгүй хариу нь ирнэ байх. Мөн нийслэлийн Засаг дарга болон Соёлын газарт дэмжиж ажиллаач гэсэн бичиг явуулсан. Ямар ч байсан нийслэлийн Соёлын газар дэмжиж ажиллахаар болсон. Түүнчлэн Залуучуудын холбооны салбар холбоод, Эрдэнэт, Дархан хотын залуучуудын холбоо дэмжихээ мэдэгдсэн. Мөн биднийг дэмжиж ажиллаж байгаа Монре даатгал, Хилийн мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Мал эмнэлэг үржлийн газар, Мал эмнэлгийн хорио цээрийн төв лабораторийн ажилчид, удирдлагуудад баярлалаа гэж хэлмээр байна.
 
-Нэг жилийн аялалын санхүүжилтыг хэрхэн шийдэж байгаа вэ. Хэдий хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ?
 
-Бидний гаргасан төсвөөр 600 гаруй сая төгрөг шаардлагатай. Үүний 100 гаруй саяыг нь морины тоног хэрэгсэл, тэжээл, ус, зөвшөөрөл, хүнс тээвэрлэх машин зэрэгт зарцуулна. Мөн морин хуур, аман хуур, цуур, соёлын тоглолтын хувцас зэрэгт 50-60 сая төгрөг, аялалын багийнхны дөрвөн улирлын хувцас, хоол хүнс, гарын бэлэг, шатахуун зэрэгт мөн л 50-60 орчим сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Хамгийн чухал нь 50 цуврал нэвтрүүлэг, нэг баримтат кино хийнэ. Эдгээрт шаардлагатай техник хэрэгсэлд 50-60 сая төгрөг шаардлагатай. Мөн улс орны хилээр нэвтрэхэд төлөх татвар, замын татвар, малын татвар, шинжилгээ, эрүүл мэндийн болон эрсдлийн даатгал зэрэгт нэлээд зардал гарна. Эдгээр зардлаасаа зармыг нь өөрсдөө гаргаад шийдчихсэн байна. Гэхдээ бидэнд дэмжлэг туслалцаа шаардлагатай байна. Тиймээс бидний энэ ажлыг дэмжиж хамтран ажиллах хүмүүс, байгууллага, аж ахуйн нэгж байвал бидэнтэй холбогдоорой гэж хэлмээр байна. Заавал мөнгөн хэлбэрээр бус дээр дурдсан шаардлагатай тоног, хэрэгслээр туслах дэмжих боломжтой.
 
-Та бүхэнд хандив тусламж өгөхийг хүссэн байгууллага, аж ахуйн нэгж, хүмүүс хэрхэн холбогдох вэ?
 
-Бид хандивын данс нээсэн байгаа. Та бүхэн маань ХААН банкны 5034765396 гэсэн дансанд чин сэтгэлийн хандиваа хийж болно. Мөн фэйсбүүк дэх “Евро Азийн нутгаар морин аялал” пэйж хуудаст болон дэмжигчдийн группд нэгдэж, бидэнтэй холбогдож болно. Нэг зүйлийг нэмж хэлэхэд Монголын Залуучуудын холбоо “Морьтон Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Ерөнхийлөгч маань хүртэл морио унахыг уриалж бидний ажлыг дэмжиж байсан. Морь унах нь эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Мөн хүүхдийг багаас нь морьтой харьцаж сургаснаар малд хайртай, өөртөө итгэлтэй, орон зайн мэдрэмжтэй болгодог. Тиймээс морио унацгаая гэж уриалмаар байна.
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг