sonin.mn
Монгол Улсад 2015 оны эхний таван сарын байдлаар авлига, албан тушаалын гэмт хэргээс үүдэн 30 тэрбум төгрөгийн хохирол гарчээ. Үүнээс 577 сая төгрөгийг мөрдөн байцаалтын явцад нөхөн төлүүлсэн талаар  Авлигатай тэмцэх газрын өгсөн өнөөдрийн тайлан мэдээлэлд онцолсон юм.
 
Дээрх томхон хэргээс долоон тэрбум гаруй төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалсан байна. Харин яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргээс оны эхний таван сард ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл, ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх газарт тасгийн даргаар ажиллаж байсан Д.Тогооням, ИХШХЕГ-ын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Пунцаг, Баянхонгор аймгийн Заг сумын Засаг дарга Э.Мөнхбаяр нарын 36 хүнд холбогдуулсан эрүүгийн 11 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна.
 
Авлигатай тэмцэх газраас 217 үйлдэл, 147 эрүүгийн хэрэгт мөрөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Энэ дундаас хамгийн олон гарсан хэргийг онцлоход албан тушаалаа урвуулан ашиглах үйлдэл хамгийн их бүртгэгдсэн байна. Эхний хагас жилд албан тушаалаа урвуулан ашигласан 93 хэрэг гарчээ.
 
Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн 35, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах 25 хэрэг гарсан байна. Авлигын хэрэг ийнхүү дээд албан тушаалтнаас хэтрээд дунд болон доод албан тушаалтан руу ч "халдварласан" нь харагдана. Энэ бол нийгэмд ихээхэн хор уршигтай юм.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг