sonin.mn
УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр МАН-ын бүлэгт хамтран Засгийн газар байгуулах үед хийсэн гэрээний хэрэгжилтэд анхаарч, хууль, тогтоолын төсөл хэлэлцэх үед саад учруулахгүй байх талаар мэдэгдэл хүргүүлжээ.
 
Уг мэдэгдэлд, “АН-ын Гүйцэтгэх зөвлөл энэ сарын 23-нд Засгийн газарт хамтран ажиллахаар Улс төрийн намуудтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг дүгнэхийг УИХ дахь АН-ын бүлэгт даалгасан. Уг асуудлыг АН-ын бүлэг энэ сарын 29-ны хуралдаанаараа хэлэлцэж, гэрээний хэрэгжилт хангалтгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.
 
Хамтарсан Засгийн газраас өргөн барьсан эдийн засаг, нийгэмд чухал нөлөө үзүүлэх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж, шийдвэрлэхийн төлөө МАН-ын бүлэгт олон удаа санал тавьсан ч тодорхой үр дүнд хүрсэнгүй.
 
Энэ удаагийн чуулган завсарлахад бага хугцааа үлдэж байгаа учир зайлшгүй батлах шаардлагатай хуулийн төслийг УИХ цаг алдалгүй хэлэлцэх нь Монголын ард түмний эрх ашигт нийцнэ.
 
Тиймээс гэрээний хэрэгжилтэд анхаарч, хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэж, батлахад саад учруулахгүй хамтран ажиллахыг МАН-ын бүлэгт мэдэгдэж байна” гэжээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг