sonin.mn
15 квт-ын хүчин чадалтай HEOS V 15 маркын төхөөрөмж салхин сэнс болон нарны дэлгэц системээр эрчим хүч үйлдвэрлэдэг хосолмол төхөөрөмж Монголд нэвтэрлээ. Одоогийн байдлаар нарны дэлгэц системийн чадал 6,44 kwp юм байна. 
 
Энэ тухай ХБНГУ-ын “ХЕОС ЭНЕРЖИ” ХХК-ийн захирал Клаус Хоффманн, ХБНГУ-ын Эрчим хүчний агентлагийн удирдах ажилтан Айхнер, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга нар өнөөдөр мэдээллээ. 
 
Энэ төхөөрөмж нь орон даяар тархсан төвийн эрчим хүчний шугамтай өрсөлдөж чадахгүй ч манай оронд тулгамдаж байгаа цөөн хүн амтай орон нутаг, уул уурхай, фермер, малчны хотын байгаа эрчим хүчний асуудлыг шийдэх боломжийг бүрдүүлэх юм.
 
Гэнэтийн тохиолдолд хэвийн ажиллагааг хангах зориулалттай бензин-генератор бүхий уг иж бүрдэл төхөөрөмжийг ХБНГУ-ын “ХЕОС ЭНЕРЖИ” ХХК Монголын зах зээлд таниулах ажлыг эхлүүллээ.
 
Сэргээгдэх эрчим хүчний шинэ шийдэл болох энэхүү төхөөрөмжийг ХБНГУ-ын Эрчим хүч, Эдийн засгийн яамны (Dena-Renewable-Energy-Solutions-Programms) хөтөлбөрийн хүрээнд Германы Эрчим хүчний агентлаг /dena/-ийн санаачлагаар төслийг өөрийн улсдаа анх хэрэгжүүлсэн байна.  Тэгвэл энэ төсөл өнөөдөр Монгол улсад хэрэгжих боломжтой боллоо.
 
Уг төхөөрөмжийг ХААИС-ийн Инженер, технологийн сургуультай хамтран сургалт судалгааны Нарт төвд эрчим хүч үйлдвэрлэх хамгийн сүүлийн үеийн бие даасан төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна. ХААИС нь сургалтын хөтөлбөртөө ирэх хичээлийн жилээс энэ төхөөрөмжийг ашиглахаар төлөвлөж байгаа ажээ.
 
Монгол Улсад 50квт-аас авахуулаад нэлээн хэдэн томоохон усан цахилгаан станцууд байдаг боловч  эрчим хүч үйлдвэрлэх төвийн шугамаас үл хамаарсан, бага оврын, бие даасан төхөөрөмж нь газар нутаг томтой, хүн ам цөөтэй манай улсын эрчим хүчний секторыг хөгжихөд ихээхэн чухал үүрэгтэйг онцоллоо. 
 
Б.Мягмарсүрэн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг