sonin.mn
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх байсан. Гэвч МАН-ын бүлгийн авсан завсарлагын хугацаа дуусаагүй тул өнөөдрийн хэлэлцүүлгийг хойшлуулснаар чуулганы хуралдаан өндөрлөв.
 
Тус хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн лхагва гараг буюу энэ сарын 24-нд чуулганы тусгай хуралдаанаар хэлэлцэх үед МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан билээ. Дэгийн тухай хуулийн дагуу МАН-ын бүлгийн завсарлага маргааш дуусах ёстой. Харин УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.
 
Чуулганы үдээс хойших хуралдаан эхлэх үед МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, “Хуулийн төсөлд тусгасан баялаг бүтээгчдэд тавих торгууль хэт өндөр байна. Үүнтэй холбогдуулан энэ чиглэлийн олон байгууллагаас албан бичиг ирсэн. Энэ талаар холбогдох байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай гэж үзэн завсарлага авсан. Гэвч өнгөрсөн долоо хоногт энэ талаар хэлэлцэж амжаагүй. Тиймээс өнөөдөр энэхүү хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй” хэмээн мэдэгдсэн.
 
Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд, “Аж ахуйн нэгжүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх бол шинэ заалт биш. Хууль зөрчвөл хариуцлага хүлээж л таарна. С.Бямбацогт гишүүний хэлсэн асуудлуудыг ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх хэрэгтэй. Хэт өндөр торгуулиудыг бууруулах боломжийг судлахыг ажлын хэсэгт үүрэг болгож байна. Мөн Хууль зүйн байнгын хороо өнөөдөр дахин хуралдаж, дээрх асуудлуудыг хэлэлцэх хэрэгтэй. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулж байна” гэлээ. Ийнхүү чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг