sonin.mn
Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл боловсруулна
 
Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, хуулийн төслийг боловсруулж ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд даалгалаа.
 
Энэхүү үзэл баримтлалын дагуу хууль батлагдсанаар
 
·  Стандарчлал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн үйл ажиллагаа олон улсын нийтлэг жишгийн дагуу явагдах эрх зүйн орчин, нөхцөл бүрдэнэ. 
 
·  Техникийн зохицуулалтаар бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүйн үзүүлэлт, шаардлагыг хуульчлан тогтоосноор нийтийн ашиг сонирхол, хүрээлэн буй орчин, улс орны аюулгүй байдал хангагдаж, төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлага дээшилж, идэвх санаачилга нэмэгдэнэ.
 
·  Тохирлын үнэлгээний байгууллагуудад тавигдах шаардлага, зохицуулалт тодорхой болж, үйлдвэрлэл, худалдаан дахь техникийн элдэв саад тотгор, хүндрэл, бэрхшээл багасна.
 
·  Төрийн захиргааны байгууллагын хамрах хүрээ, эрх үүрэг тодорхой болж, тус байгууллагын хөрөнгө, санхүүгийн чадамж дээшилж, Засгийн газрын төсвийн ачааллыг бууруулна.
 
·  Олон улс, бүс нутаг, гадаад орны дэвшилтэд стандартыг хэрэглэх эрх зүйн орчныг боловсронгуй болгосноор үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид өөрийн бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах, шинэ технологи эзэмших өргөн боломж нөхцөл бүрдэж, улмаар тэдгээрийн өрсөлдөх чадвар дээшилж, эдийн засгийн тогтвортой өсөлт хангагдана гэж үзэж байгаа юм байна. 
 
Мьянмар улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллана
 
Монгол Улсын Засгийн газар, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Засгийн газар хооронд байгуулах “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд олголоо.
 
Тус улсын аялал жуулчлалын салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Тус улсыг зорьсон жуулчдын тоо 2010 онд 790 мянга байсан бол 2013 онд 2 саяд хүрчээ. Тус улс аялал жуулчлалын мастер төлөвлөгөөндөө 2020 он гэхэд 7,5 сая жуулчин хүлээн авахаар тусгажээ. Мьянмар улсад соёлын тэр дундаа буддын шашны аялал жуулчлал ихээхэн хөгжжээ.
 
Өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлнэ
 
Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар Эрчим хүчний сайд Д.Зоригт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нарын мэдээллийг сонсч, төв, суурин газрын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган тогтоол гаргахаар боллоо.
 
Дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл 33,5 хувь, дулааны станц, дулааны шугам сүлжээнүүдийн өвлийн бэлтгэл ажил 23 хувь, цахилгаан түгээх болон дамжуулах сүлжээ компаниудын өвлийн бэлтгэл 32 хувьтай байна.
 
2015 оны хаврын тариалалтын урьдчилсан дүнг танилцууллаа
 
2015 оны хаврын тариалалтын урьдчилсан дүнг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан таримал ургамлыг гангаас хамгаалах болон уринш боловсруулалтын ажлыг технологийн хугацаанд шуурхай зохион байгуулах, ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангах арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад даалгалаа.
 
Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг тавдугаар сарын 03-наас эхлүүлж урьдчилсан байдлаар нийтдээ 511,2 мянган га-д тариалалт хийгээд байгаагаас үр тариа 388 орчим мянган га-д, үүнээс улаан буудай 359,7 мянган га-д, төмс 12,6 мянган га-д, хүнсний ногоо 6,9 мянган га-д, тосны ургамал 78,5 мянган га-д, тэжээлийн ургамал 19,5 мянган га-д тариалжээ. Мөн эмийн ургамал, жимс жимсгэнэ тариалсан байна.
 
Хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулан сурталчилна
 
Хог хаягдлыг бууруулах, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах устгах үйл ажиллагаа эрхэлсэн болон хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сурталчилж, урамшуулал олгох журам баталлаа.
 
Журмын хэрэгжилтийг ханган, хяналт тавьж ажиллахыг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт даалгалаа.
 
Жил бүр 700-800 мянган тн-оор нэмэгдэж буй хог хаягдлын хэмжээг бууруулах, дахивар ашиглалтын хувийг нэмэгдүүлэхэд урамшууллын энэ журам ихээхэн хувь нэмэр оруулна гэж салбарын яам үзэж байна.
 
Аюултай хог хаягдлын жагсаалтыг баталлаа
 
Аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллахыг БОНХАЖ-ийн сайдад, энэ жагсаалтыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг бүх сайд болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Гаалийн ерөнхий газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
 
Энэ жагсаалт батлагдсанаар аюултай хог хаягдлыг бусад хог хаягдлаас ялгаж таних, тэдгээрийг цуглуулах, савлах, түр байршуулах, тээвэрлэх, устгах, дахин боловсруулах, хадгалахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулах журмыг боловсруулан мөрдүүлэх, улмаар аюултай хог хаягдлын байгаль орчинд ээлтэй менежментийн дэд бүтцийг бий болгох, хяналтыг сайжруулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
 
“Сумын төвийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд хийгдэх ажлын жагсаалтыг шинэчлэн баталлаа
 
“Сумын төвийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд хийгдэх ажлын технологийн шийдэл, гүйцэтгэлийн явц, чанар байдалд болон үр дүн, хөрөнгийн зарцуулалтад байнгын хяналт тавьж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, эрх шилжүүлэн авсан аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
 
Энэ төслийг Архангайн Тариат, Баян-Өлгийн Цэнгэл, Булганы Хутаг-Өндөр, Говь-Алтайн Дэлгэр, Дорнодын Баян-Уул, Дундговийн Өлзийт, Завханы Тосонцэнгэл, Өвөрхангайн Богд, Өмнөговийн Цогт-Овоо, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Сэлэнгийн Цагааннуур, Төв аймгийн Лүн, Увсын Тэс, Ховдын Зэрэг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Хэнтийн Биндэр сумдад хэрэгжүүлэхээр 80 тэрбум төгрөг баталсан. Сумын төвийн шинэчлэл төсөлд оруулах өөрчлөлтийг хийж гүйцэтгэхэд уг төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдсан төсөвт өртөгт нэмэлт санхүүжилт шаардагдахгүй ажээ.   
 
Хуулийн төслүүдийг нэгтгэнэ
 
Ерөнхийлөгчийн санаачилсан “Төрийн албаны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг зарчмын хувьд дэмжлээ.
 
Энэ хуулийн төсөл нь УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Засгийн газраас санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай, Төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж болон нийгмийн баталгааны тухай, Төрийн байгууллага, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх тухай багц хуулийн төслүүдэд тусгагдсан зарим зарчим, агуулгатай адил байх тул төсөл санаачлагчтай зөвшилцөн төслүүдийг нэгтгэн боловсруулах саналыг уламжлахаар тогтлоо.
 
Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцлээ
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх тухай зарлигийн төслийг хэлэлцлээ.
 
Төсвийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засгийн газар, Засаг даргын аливаа шийдвэр нь төсөвт үзүүлэх нөлөөллийн талаарх дүгнэлтэд үндэслэсэн байхаар хуульчилсан тул ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах зардлын тооцоо, эх үүсвэрийг тодорхой болгож, төсөвт үзүүлэх нөлөөллийн дүгнэлтийн хамт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.
 
Хүүхдийн номын ордныг Хүүхдийн төв номын сан болгон өөрчиллөө
 
Хүүхдийн номын ордон гэснийг Хүүхдийн төв номын сан болгон өөрчилж, тус номын сангийн барилгыг шинээр барих газрын асуудлыг судлан үзэж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд даалгалаа.
 
Хүүхдийн төв номын сангийн бүтэц, дүрэм, орон тоог шинэчлэн баталж мөрдүүлэхийг БСШУ-ны сайд Л.Гантөмөрт үүрэг болголоо.
 
Тус номын сан нь 32 орон тоотой, монгол, англи, герман, орос, хятад зэрэг хэлээр  хэвлэгдсэн 80 мянга гаруй ном, хэвлэмэл бус материалууд, сурах бичиг, тогтмол хэвлэлтэй, зургаан уншлагын танхимаар жилд 4000 гаруй байнгын уншигч, 80 мянган иргэнд үйлчилдэг байна.
 
“Өсвөрийн шатарчдын Дэлхийн олимпиад-2015” Улаанбаатарт болно
 
Өмнө нь Засгийн газрын тогтоолд тусгагдсан Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээнийг Монголын Шатрын холбоо, Олон улсын шатрын холбоотой зөвшилцсөнөөр “Өсвөрийн шатарчдын Дэлхийн олимпиад-2015” болгон зохион байгуулахаар боллоо.
 
Тэмцээний бэлтгэл ажлыг бүрэн ханган зохион байгуулж, дүнг энэ онд багтаан танилцуулахыг Эрүүл мэнд, спортын сайдад даалгалаа. 
 
Тэмцээн энэ оны наймдугаар сарын 19-29-нд Улаанбаатар хотноо болох бөгөөд одоогоор 50 гаруй орон оролцох мэдүүлгээ өгчээ.
 
Сүүлийн жилүүдэд өсвөрийн шатарчдын дэлхийн аварга, сурагчдын дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн Монгол Улсын амжилт, манай тамирчдын ур чадвар сайжирсаар байгаа нь энэхүү олимпиадыг зохион байгуулах эрх авахад чухал нөлөө үзүүлжээ. Зөвхөн сүүлийн 2 жилд дээрх тэмцээнүүдээс 5 алт, 9 мөнгө, 7 хүрэл медалийг манай өсвөрийн тамирчид авчээ.   
 
Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр баталлаа
 
Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр баталж, хөтөлбөрийг  улсын хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар ханган, хяналт тавьж ажиллахыг БОНХАЖ-ын сайдад даалгалаа.
 
Тус хөтөлбөрт аялал жуулчлалыг өөрийн орны өвөрмөц онцлог болон улсын жишиг, чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгох, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлж, зорилтуудыг дэвшүүлэн, хэрэгжүүлэх үйл ажиллагааг тогтоож, нарийвчилсан төлөвлөгөө гарган, нэгдүгээр үе шат буюу эрчимтэй хөгжлийн үе 2016-2020 он, хоёрдугаар үе шат буюу тогтвортой хөгжлийн үе 2021-2025 он хүртэл хэрэгжүүлэх юм байна.
 
Товч мэдээ
 
- Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн энэ сарын 18-20-нд ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайдад даалгалаа. 
- УИХ-ын гишүүн Д.Ганбатын санаачлан боловсруулсан “Прокурорын байгууллагын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэсэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.
- Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2016 оны төсвийн хязгаарыг батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хянан хэлэлцээд дэмжлээ.
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
- Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
- Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг хавсралтаар баталлаа.
- 2015 оны хавар, зуны цаг агаарын нөхцөл, төлөв байдлын тухай мэдээллийг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол танилцууллаа.   
- 2014 оны байдлаар хэрэгжилт нь удааширсан буюу тасарсан үндэсний хөтөлбөр тус бүрийн талаар арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын зарим агентлагийн дарга нарт даалгалаа.
- Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Ганхуягийг томиллоо.
- “Биологийн олон янз байдлын Үндэсний хөтөлбөр” баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 5 жил тутамд батлан хэрэгжүүлэхийг БОНХАЖ-ын сайд, ХХАА-н сайд, Сангийн сайд нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл  мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.