sonin.mn
Монголчууд бидний сайн мэдэх Говь-Алтайн нуруу хойш үргэлжлэн Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлэгт өгүүлэгддэг Саяаны нуруунд залгах тэр үзүүрт Уулсын Алтай орших ажээ. Бодлын боол, борог бичээч миний бие анхаарал анзаарга муутай болоод тэр үү завшаан тохиож ОХУ-ын бүрэлдэхүүнд орших Алтайн БНУ-д зорчих учрал тохиогоогүй бол ямар улс хаана байдаг билээ хэмээн эрж сурахгүй л байх байж.Аз ч гэж дээ олон улсын хэмжээний мастер, жүдоч Сүхбатын Энхтайван, теле-сурвалжлагч Агваандашийн Бүрэнбаатар нар хамт явж, өөрсдийн ажилд тус болохыг хүссэн юм.
 
Алтайн БНУ гэдэг үнэндээ монголчууд бидэнтэй их түүхээрээ хэлхээтэй, эх соёлоороо уяатай, алтайчууд хэмээх иргэд нь зэpэгцээд зогсвол нүүр царай, бие бялдраараа ялгарах юмгүй улс ажээ.
 
 Уламжлалт шашин шүтлэг нь бөө, араас залгасан нь шарын шашин. Хэл яриа, газар усны нэрэнд нь монгол үг нэн олон. Гагцхүү ялгаж сонсох л хэрэгтэй юм шиг санагдсан. Аймак, куралдай, сарлык (сарлаг), барлык (барлаг), кок тенгери, тайгалар, корула(харуул) гэх үгс танил биш байна гэж үү. Алтайн БНУ-ын усны гол судас гэгдэх Катунь (кадын) голыг “эзэгтэй”, “авхай” гэсэн эртний түрэг үг гэж тайлсан байх юм.
 
Манай “хатан” гэсэн үг сонсогдохгүй байна уу. Уулын Алтайнхны бас нэгэн бахархал болсон нуурыг Алтын Кёль буюу Телецкийн нуур гэдэг ажээ. Бод л доо, 223 км2 талбай эзлэх гадаргуутай, 77 км урт, 2.9-5.2 км өргөн, 325 м хүртэл гүнтэй цэвэр тунгалаг устай нуур. Олон үзүүлэлтээрээ Байгал нууртай эн зэрэгцэх хэмжээнд яригддаг болохоор бахархахаас өөр яах билээ. Юутай ч алтын гэх үг алт гэж тайлагддаг юм байна.  
 
 
Өнөөгийн Алтай улсын нутаг дэвсгэрийг дэлхийн түрэг хэлтний өвөг дээдсийн өлгий нутаг гэж эрдэм судлалын хүрээнд үздэг ажээ. Орхон-Енисейн руны бичиг үсэг буй болж улмаар түрэгийн хаант улс үүссэнтэй холбон тайлбарладаг юм байна. Орхон гэдэг манай гол шүү дээ. Мөн түүнчлэн дэлхийн хэл судлалын шинжлэх ухаанд “алтай хэлний” бүлэг гэгддэг ойлголт буй болгоход гол түлхэц болсон ч гэдэг аж.
 
Алтай хэлний бүлэгт түрэг, монгол, тунгус-манж, япон-рюк, солонгос зэрэг олон хэл багтдаг гэнэ. Алтай түмэн түүхийн багагүй хугацаанд Зүүн гарын хаант улс буюу халимагуудын суурьшиж байсан газрын гол цөм нутаг байжээ. Тэгээд ч тэр үү Алтайд ирж суурьшиж эхэлсэн оросууд эхэн үедээ алтайчуудыг “цагаан халимаг” гэдэг байсан сонин гэмээр баримтыг түүхэн сурвалжууд өгүүлдэг юм байна. Өнөөгийн алтай хүнийг харахад дийлэнх нь нээрээ ч цайвар цагаан гэмээр царайтай улс байна билээ. Лав л бидний уулзсан Биостимул үйлдвэрийн эзэн И.И.Битишев,
 
 
Алтайн БНУ-ын Залуучуудын бодлого төлөвлөлт, биеийн тамир, спортын хорооны дарга В.Б.Челчушев нар тийм улс харагдсан. 
 
 
Нар хур ихтэй ч, ой модон халхтай болоод онгож гундана гэж байдаггүй улс юм болов уу ч гэж санагдмаар.
 
Алтайн БНУ гэж хэзээнээс нэрлэгдэх болсон бол хэмээн уншигч та лав сонирхож байгаа байх. Алтай түмэн XVII зууны эхэн үеэс Оросын хаант улсын бүрэлдэхүүнд орсноор орос үндэстнүүд Уулсын Алтайн нутгаар суурьшиж эхэлсэн ажээ. Хожим, ХХ зууны эхнээс буюу ЗХУ-ын үед, 1922 оны зургадугаар сарын 1-нээс Ойрдын автономит муж, 1948 оноос Горно-Алтайн автономит муж, ОХУ-ын үед 1992 оноос ОХУ-ын Горно-Алтайн БНУ, 1993 оноос Алтайн БНУ гэгдэх болжээ.
 
Улсын нийслэл нь Горно-Алтайск. Эдүгээ тус Холбооны БНУ-д 1997 онд батлагдсан үндсэн хууль, төрийн далбаа, сүлд хэрэглэж байгаа бөгөөд төрийн хэл нь орос, алтай хэл ижил тэнцүү эрхтэй ажээ.
 
Хүн ам нь 2015 оны статистикийн мэдээгээр 213703, үүнээс хотод 29.16 хувь, үлдэх 70 хувь орчим нь хөдөөд суудаг. Үндэстнээр авч үзвэл 2010 оны мэдээгээр орос үндэстэн 56.6 хувь, алтай үндэстэн 33.9 хувь, казак үндэстэн 6.2 хувь, теленгүүд үндэстэн 1.2 хувь, үлдэх хувийг бусад үндэстэн эзлэдэг юм байна.
 
Горно-Алтайск хот хүрэхэд нисэх онгоц, төмөр замын аль аль нь амаргүй, бас дээр нь Уулсын Алтайн орой дамнан сунах Чуйскийн хар замаар явах сонин санагдсан болохоор бид машин хөлөглөн замд гарсан юм. Зам зуур таарах казакуудаас алтай үндэстэн гэж ямар улс болох талаар асууж сураглаж явлаа. Мэдэхгүй дээ л асууж явсан хэрэг шүү дээ. Гэтэл тэр бүрийд “бие даасан тийм үндэстэн байхгүй, манай л нэг салаа салбар” гэх үгс сонсогдож байсан.
 
Хэл ярианы хувьд бие биеэ ойлгодог, гарал үүслийн хувьд нэг хэлний бүлэгт багтдаг тухай би дээр дурдсан. Тэгэх тусам нь саваагүй зан хөдлөн казакуудын талаар Алтай улсын ном сударт юу гэдгийг сонирхлоо. “Казахстаны зүүн бие, Семипалатинск мужид XIX зууны сүүлээр малын бэлчээр хомсдсоноос Уулсын Алтайн нутагт нүүн орж ирсэн.
 
Хил орчмын тал нутгаар суурьшиж эхэлсэн казакууд тогтвор суурьшил муутай; Монгол, Алтай хоёрын хооронд холхисон байдалтай олон жил болсон. 1990-ээд оны эхээр Казахстан руу олноор нүүсэн боловч төдөлгүй буцаж ирсэн... Одоо Монгол Улстай хиллэх Кош-Агач аймгийн хүн амын 54 хувийг бүрдүүлэн суудаг...” гэж өгүүлэх ажээ. Танил гэмээр дүр зураг байгаа биз?
 
Газар нутгийн хэмжээ нь 92903 км 2 буюу нэг км2 -д 2.3 хүн ногддог ажээ. Далайн төвшнөөс дээш 270-4000 метрт өргөгдсөн уулсын орон. Тийм ээ, уулсын орон. Би дээр Алтайн нуруу, Саяаны нурууны залгаа хөндийд орших газар нутаг гэсэн шүү дээ. 
 
Тодотгох зарим нэг тоо хэлье. Хамгийн нам дор газар нь Горно-Алтайск хот юм билээ. Тийм болоод ч тэр үү бид очсон эхний хоёр өдрөө нэг нуумгар ноозгой, хэвтэх л юм бол унтах гээд байсан. Гурван цагийн зөрөөтэй байсан нь ч нөлөөлсөн биз. Уулсын Алтай нутагт 20 мянга гаруй гол горхи, 7000 гаруй нуур цөөрөм, олон зуун хүрхрээ, хүмүүн төрөлхтний олон мянган жилийн ахуй соёлыг агуулсан олон агуйтай ажээ.
 
Гол горхи нь өндөр уулнаас эх авдаг болохоор түргэн ширүүн урсгалтай, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх өргөн боломжтой гэгддэг юм байна. Энэ бол зүгээр нэг яриа биш. Алтайн нэгэн аймаг-Чемальд 1931-1935 онд байгуулагдсан УЦС ЗХУ-ын бага оврын(400 квт)анхны станц ажээ. Энэ станц ямар нэг их засваргүй, тэр бүү хэл 1959, 1969 оны их үерийг дажгүй даван 2011 он хүртэл ажиллаж байгаад засварт орсон гэсэн мэдээ байна. Манайх шиг усны эрчим хүчний нөөцтэй гэх улс хаа холоос биш хажуу хавирганаасаа туршлага судлаж болдоггүй юм болов уу хэмээн санагдаж явснаа хэлье.
 
Газар нутгийнх нь 47 хувь ой мод. Харин есөн хувийг бэлчээр, 2.4 хувийг газар тариаланд ашигладаг юм байна. Нээрээ ч явж байхад хагалж тариалсан газар их бага харагдсан. Харин мод ачсан машин ер үзэгдээгүй. Хот, суурингийн ялангуяа хувь хүмүүсийн байр байшин дүнз харагдана билээ. Манайх шиг л ойтой гэж түхэлзэн тасдаж тайраад хэдэн зоосоор арилжих гэж зөөхгүй байх шиг санагдсан.
 
Үйлдвэрлэлийн чиглэлээр ашиглах сайн чанарын хуш мод ихтэй гэж бичсэн байна билээ. Бас уул ихтэй болохоор мөнх цэвдэг ихтэй гэж тэмдэглэсэн байна. Энэ бүхнээс Алтай орны цаг агаар чийглэг, халуундаа халуун, хүйтэндээ хүйтэн, өөрөөр хэлбэл эх газрын эрс тэс уур амьсгалтай газар юм байна гэж уншигч та лавтай бодож амжсан байх.
 
Эдийн засгийн хувьд хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуйн үйлдвэрлэл Уулсын Алтай оронд голлох байр суурь эзэлдэг гэж үздэг юм байна. Албан ёсны статистик мэдээг нь үзвэл ХАА-н салбарын нийт бүтээгдэхүүний 79.2 хувийг мал аж ахуйн салбар үйлдвэрлэдэг юм байна. Ноос-махны чиглэлийн хонь, махны үүлдрийн мал үржүүлдэг ажээ. Мөн түүнчлэн адууны аж ахуй, ноолуурын үүлдрийн ямаа, нутгийн өмнөд хэсэгтээ сарлаг, тэмээ өсгөж үржүүлдэг ажээ.
 
Мал аж ахуйн хувьд сая саяар ярьдаг манайхтай харьцуулахад бага сонсогдож болох зарим тоо хэлье. 2004 оны статистик мэдээнээс үзвэл 140 мянган бод, 494 мянган хонь ямаатай, жилдээ 18.1 мянган тонн мах, 67 мянган тонн сүү, 710 тонн ноос ноолуур үйлдвэрлэжээ. Харин газар тариалангийн хувьд 101.2 мянган га талбайд тариалж байжээ.
 
Аж үйлдвэрийн салбарт эрчим хүчний салбар 27.9 хувь, хүнсний үйлдвэрлэл 20.5 хувь, өнгөт металлургийн үйлдвэрлэл 16.8 хувь, гурил, тэжээлийн үйлдвэрлэл 13.5 хувь, машин, металл боловсруулах үйлдвэрлэл 8.6 хувь гэхчлэн эзэлдэг юм байна.
 
Марал буга маллаж, ашиг шимийг нь хүртэн дэлхийн зах зээлд Алтай нутгийн брэнд болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа юм байна. Марал бугыг Уулсын Алтайнхан XIX зууны эхэн үеэс гаршуулан тэжээж эхэлсэн гэж эх сурвалжид өгүүлэх бөгөөд эдүгээ бүр дагнасан үйлдвэрлэл болон хөгжүүлж байгаа ажээ.
 
 
Марал бугын эвэр, цусаар хийсэн бүтээгдэхүүнийг ОХУ түүнчлэн БНХАУ, Өмнөд Солонгост гаргаж байгаа төдийгүй сүүлийн үед Шинэ Зеланд, Австрали, Канад зэрэг орнууд ихээхэн сонирхох болсон гэнэ. Марал буганаас гарах бүтээгдэхүүнээс Алтайн БНУ гадаад худалдааны орлогынхоо тэн хагасыг олох болжээ. Энэ бол алтай үндэстний эрхэлдэг гол аж ахуй болсон бололтой.
 
Бид бага шиг аж ахуйгаар бууж мордсон. Бидний аз болоход гэх үү цусан эвэр тайрч барагцаалбал гучаад бугын эвэр сэврээж байсантай таарсан. Тэгэхэд И.И.Битишев “Энд арваад сая рублийн бүтээгдэхүүн хэвтэж байна даа” гэж байв. Манай мөнгөнд шилжүүлбэл 400-гаад сая төгрөг юм уу даа. Цааш нь эцсийн бүтээгдэхүүн хийвэл хэд нугараад явж таарна. Үүнийг сонсоод над харамсах сэтгэл төрсөн.
 
Байгаль, цаг уурын хувьд манайд Алтайгаас дутах юмгүй газар нутаг бишгүй бий. Марал буга байдаггүй юм гэхэд буга манайд бий. Маллаж, ашиг шимийг нь авч байсан туршлага ч бий. Социализмын гэж харааж муулдаг тэр үед биеэ даасан бугын САА ч байсан. Энэ “аж ахуйг сэргээнэ” гээд Богд уулын өмнө биеийг бараг нэлд нь хашаалчихаад удаж байгаа болохоор өөрсдийнхөө анхиагүйд харамссан хэрэг.
 
Зам харилцааны хувьд авто зам голлох үүрэг гүйцэтгэдэг ажээ. Төмөр зам байхгүй, нисэх онгоцны сүлжээ одоогоор сул. Новосибирскээс нааш Чуй гол дагуулан манай улсын Цагаан нуурын хилийн боомт хүртэл тавьсан 956 км урт үргэлжлэх хатуу хучилттай замтай. Энэ замын тухай ингээд хэлбэл болмоор мэт. Харин жаахан өнгийн дундад зуун хийгээд түүнээс цааш алсруулан харвал Ази-Европыг холбосон арилжааны зам.
 
ХIХ, ХХ зуунаас яривал манайхаас мал, мах, ноос, арьс шир тээвэрлэж байсан замын нэг. 1930-аад оны дунд үеэс буюу улстөрийн их хэлмэгдүүлэлтийн үед ГУЛАГ буюу монголоор буулгавал ХЛУГ(хөдөлмөрийн лагериудыг удирдах газар)-т хоригдогсдын амь биеэр Алтай-Саяаны уулс сэтлэн дамнуулан тавьсан 600 км зам. Чуйскийн замыг машин техникээр биш олон хүний амь насаар зодож тавьсан гэж зарим ном сударт бичсэн байх юм.
 
Зам тавих үедээ 15-20 км зайд хорих газар байрлаж байсан гээд бодохоор итгэхээс өөр яах билээ.Үүн дээр нэмээд дундчаар далайн төвшнөөс дээш 2500 метрийн өндөрт орших уулс сүлжсэн зам гээд бодчих. Гагцхүү “нарыг хэвээр үлдээх” дэврүүн үзэлд цаламдагдсан “коммунист бүтээн байгуулалтын үед” Новосибирск-Бийск-Ярантай (Монгол)-Үрэмчи-Исламабад-Карачи зэрэг хотуудыг холбох холын бодлоготойгоор 1930-аад оны эхнээс барьж эхэлсэн зам.  
 
Улстөрийн хэлмэгдүүлэлт- ХЛУГ манайхыг тойроогүй гээд бодвол зах залгаа, гарал үүсэл гэж нялуурдаггүй юм гэхэд боловсролтой орчин үеийн Монгол Улсын иргэний хувьд танд сонирхож мэдмээр санагдахгүй байна гэж үү. Бас дээр нь манай орны нутаг дэвсгэр дээгүүр дамнуулан Европ-Азийг холбосон автозам тавих гэсэн санаа байж. Одоо манай улсын хилд тулаад ирчихэж.
 
Тийм ээ, 2007 онд хар зам болгон хулдсан юм билээ. Ингээд бодвол манай улсын эрх баригчид нэгэн үе мянганы зам, босоо, хэвтээ тэнхлэгийн зам гэхчлэн ярьж байсан нь өөрийн эрхгүй санаанд бууж байна билээ. “Мянгуужингийн зам” гэж муулан ирийг нь дарах шиг болсон. Газар дээр нь үзвэл бас ч гэж манайхан хойд талдаа Цагаан нуурын хилийн боомт хүртэл хар зам тавихад мөн ч бага зай үлдсэн байна билээ.
 
Өлгийгөөс урагш зам тавин Хөшөөтийн уурхайгаас хил гарган тавьсан замтай холбоход ч жаахан зай үлдсэн байна билээ. Ингээд бодвол манай улс баруун талдаа босоо тэнхлэгийн авто замтай болоход ч мөн ойрхон харагдаж байна билээ. Гагцхүү төлөвлөж зорьсон бодлогодоо эрх баригчид туйлбартай байгаасай, өрсөлдөгч хэмээх улс төрийн нам хүчин, хий мэдэмхийрэн олны толгой эргүүлэгчид цөөн байгаасай гэж бодогдсон.
 
Уулсын дундах Алтайн зүг мордохын өмнө миний мэдэх учиртай юу байдаг билээ хэмээн бодоход “Манжерок” хэмээх дуу санаанд бууж билээ. Энэ бол Эдита Пьеха хэмээх дуучин бүсгүйн амилуулсан дуу. Ингээд “Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь” эргүүлэн үзвэл “...Монгол, зөвлөлтийн залуучуудын их наадам (1966.VIII.16-25)-д зориулсан ...цоглог дуу...Дружба это Манжерок!
 
Верность это-Манжерок!
 
И звучит, как будто клятьва:
 
Манжерок!
 
Найрамдал маань Манжерок!
 
Найдвар маань ч Манжерок!
 
Манай андгай шиг бат бэх
 
Манжерок! гэж дуулж байсан хэмээн бичигдсэн байна.
 
Зам дагуу, Манжерок нуурын эрэг хөвөөгөөр орших тосгоныхноос тавиад жилийн өмнөх наадмын талаар асууж сураглаж явсан ч мэдэх хүн таарсангүй. Гэхдээ л таарсан лавлах ном судар нээж үзэхэд сонирхсон хүнд хангалттай гэмээр мэдээлэл байж байх ажээ. Манжерок нуурын эрэг дээр 1963 онд пионерийн лагерь байгуулж улмаар 1966 онд болсон дээрх наадам, тэр үеэр дуулагдсан дууны ачаар ихэд зард гарсан гэж бичигддэг юм байна.
 
Юутай ч монголчууд бид мэдвэл мэдэхээр л газар. Бас дээр нь манжерок хэмээх үгийг эрдэмтэн мэргэд хэд хэдэн янзаар түүний дотор ман гэдгийг монгол мана; jyrek буюу зүрх гэсэн алтай үгийн нийлбэр гэж тайлбарласан нь сонин байгаа биз?
 
Сүүлийн үед байгалийн өвөрмөц сонин байдал, рашаан сувилал, маралын аж ахуйгаа түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байгаа болохоор жуулчдын урсгал нэмэгдэн ойрын ирээдүйд агаарын тээвэр лавтай өргөжих бизээ. Чухам энэ өнцгөөс Манжерок тосгоныг авч үзвэл ойрын ирээдүйн хөгжлийн чиг хандлагаа хэдийнэ тодорхойлсон аялал жуулчлалын тэр тусмаа цанын бааз болох сууриа хэдийнэ тавьсан бололтой байна билээ.
 
Энэ мэтчилэн хэдхэн хоног явсан уулсын дундах Алтайн тухай үзсэн сонссоноо тоочоод байвал барагдахгүй бололтой. Гэлээ ч гэсэн хориод жил дэлхийн археологчид, түүхчдийн анхаарлын төвд байгаа нэгэн олдворын тухай товчхон дурдахгүй өнгөрч боломгүй санагдана.
 
Алтайн гүнж 1993 онд манай хилээс тун холгүй, Алтай таван богдын ар биеэс олдсон.
 
Эдгээр ууланд их эзэн хаан Чингис нэр хайрласан хэмээн алтайчууд хүүрнэх ажээ. Уулсын нэрийг монголоор “Күйтэн уул”; “Найрамдал” оргилыг саяхан болтол “Хийтын” гэж нэрлэдэг байсан хэмээн бас алтайнхны эх сурвалж өгүүлэх ажээ. Алтайн нурууны таван ноён оргилын үргэлжлэл, далайн төвшнөөс дээш 2200-2500 метрт орших Укок уулын “бэл”-ээс гарсан2500 жилийн тэртээ занданшуулсан эмэгтэйн цогцос. “Укок” гэх үгийг үхэг буюу авдар гэсэн монгол үг гэж тайлдаг юм байна.
 
Мөн энэ бүсгүйг хөдөөлүүлсэн байдал, дагуулж тавьсан эд зүйл, морь мал, өмсгөсөн торгон хувцас, бүс, толгойн хэрэгсэл, зассан үс, бүсгүйн цогцосыг хийсэн хайрцаг, хайрцаган дээрх хээ, бүсгүйн биен дээрх шивээс зэргээс шалтгаалан “Алтайн гүнж”, “Укокын гүнж” гэхчлэн нэрлэх болжээ.
 
Бас уран хийцтэй хээ хуар, үлгэр домгийн гэмээр зураг, шивээсийг цаг үеэсээ түрүүлсэн, европ дахин өнөө хэр ойлгож таниагүй скифийн соёлд хамааруулах шалтаг шалтгаан болсон бололтой. Ингээд европ төвийнхөн цайвар үстэй, цэнхэр нүдтэй, 1.7 м өндөр европ маягийн, тэр ч бүү хэл ари цусны хүн гэж нотлохыг эхлээд оролдсон гэнэ.
 
“Алтайн гүнж” чухам ямар үндэстэн угсаатанд хамаарагдах талаар маргаан үргэлжилсээр байна гэх боловч сүүлийн үед ази, тэр тусмаа үндэстний хувьд монгол төрхтэй бүсгүй гэдэг дээр санал нэгдээд байгаа юм байна. “Гүнж”-ийн цогцос Горно-Алтайск хотын Анохины нэрэмжит музейд тавигдсан байна билээ. Бас л сонин байгаа биз. Нээрээ л хаяа хатган орших төдийгүй их түүх, эх соёл, гарал үүслээрээ хэлхээтэй бид бие биенээ мэдэхгүй царайлан явж болно гэж үү?...
 
Орчуулагч Норовын ПҮРЭВДАГВА