sonin.mn
Хил хязгаар нээлттэй болсон цагаас хойш монголчууд нийтээрээ гадагш явж л байдаг. Ирж л байдаг. Гадаад паспорт авах гэж “арын хаалга”-ддаг цаг түүх болсон шиг бидний хэн нэгэн харийн хөгжлийг гайхширч шагширахаа байчихсан цагт энэ удаагийн аян замын тэмдэглэлээ сийрүүлж сууна. Юуны өмнө сэтгүүлч хүн үзсэн харснаа бусадтай хуваалцах үүрэгтэй, тэр дундаа албан шугамаар аялах-ажиллах явцад хүн бүрийн өмнө нээлттэй байдаггүй тухайн орны нарийн ширийнийг нь үздгийн хувьд уншигч олондоо тайлагнах нь миний ажил хэмээн ойлгож энэхүү тэмдэглэлээ буулгаж байгаа маань энэ.
 
ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны урилгаар өнгөрсөн оны өдий үед тус орны хэд хэдэн аймаг, хотоор аялж байжээ. Тухайн үед үлээх төдийд найгалзах нано технологиор бүтсэн цахилгаан дамжуулах утасны үйлдвэрлэл хэрэглээ болсон тухай, хүний илүүдэл өөхнөөс гоо сайхны бүтээгдэхүүн гарган авч болдог тухай, дөнгөж төрсөн хүүхдийн эрүүл эсийг хадгалж, аль ч насанд ер ганц удаа аюулт өвчнөөс  ангижруулах чадвартай лаборатори байдаг тухай, хүлэмжэн дэх усан мандалд хүнсний ногоо тариалж өндөр үр ашиг авч байгаа тухай, ямба эдлүүлж эдлүүлчихээд зургаан сар хүрмэгц нь нядалгаанд оруулдаг хонины фермерийн аж ахуйг хөгжүүлж буй тухай гээд нүдээр үзэж, чихээр сонссон олон зүйлийг өнгөрсөн жилийн “Их боломжуудын өмнөх Өвөрмонгол” тэмдэглэлдээ багтаажээ. Өмнөх аялалаараа 7 хоногийн дотор 2000 гаруй км замыг туулж, тус орны салбар салбарын хөгжил дэвшлийг үзэж өнгөрүүлсэн бол энэ сарын 13-17-ны өдрүүдэд Эрээн-Хөх хот-Улаанцав-Шилийн гол-Эрээн чиглэлд нийт 1600 км газрыг МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг 7 хоног тутмын “Хүмүүн бичиг” сонины сэтгүүлч сурвалжлагчдын хамт тав хоногт туулаад ирлээ. Аяллын маань зорилго тус орны адил төстэй буюу уйгуржин монголоор хэвлэдэг сонин сэтгүүлийнхний ажил байдалтай танилцах, туршлага солилцох, хамтын ажиллагааны холбоо хэлхээ тогтоох явдал байв.
 
Аялалд гарахын өмнө гарчиг ямар байх тухайд бодож байсан ч хараахан онож өгч чадмааргүй байсан тул мэдрэмжиндээ найдахаар шийдэв. Өмнөх тэмдэглэлийнхээ гарчгийг аялал өндөрлөсний дараа олж ихэд олзуурхан нэрлэж байлаа. Харин энэ удаагийн гарчгаа аяллынхаа дундуур буюу Хөх хотоос Улаанцав орох замд “барьж” авсан юм. Арай тодорхой хэлбэл, харалдаа гурван уулыг нүхэлж хонгил тавьсан байхыг хараад ийн гарчиглах санаа төрсөн. Хэвлэл мэдээллийнхэний онолд гарчиг ямар байхаас нийтлэл нэвтрүүлгийн “хувь заяа” шийдэгддэг гэдэг болохоор гарчгийн тухайд онцолж нуршсан юм шүү.
 
Эхлэлд нэмэрлэх үг
 
Аяллын баг Эрээнд галт тэргээр хүрсэн. Хилийн хяналт шалгалт давлаа. “Хүмүүн бичиг” гэсэн бичиг нүдэнд туссан нь биднийг угтах хөтөч нар аж. Хорь орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр зэрэгцэн зогсох ба эмэгтэйг нь Хараацай, эрэгтэйг нь Гэрэлт гэнэ. Тэр хоёрын дэргэд зогсоо нас ойролцоо залуу бол Эрээн хотын Хэвлэл мэдээллийн албаны мэргэжилтэн Хассүмбэр. Өнгөрсөн жилийн аялалын буцах тасалбарыг хөөцөлдөж, их хүч тавьсан хүнийг мартаж яахан болно. Харин шинээр танилцаж буй залуус бол ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны мэргэжилтнүүд аж. Тэд их залуу юм. Хожим өөрсдөөс нь ийм өндөр албанд хэрхэн орсон тухайд сонирхоход “Сонгон шалгаруулалтаар тэнцсэн” гэх хариултыг сонссон. Мэдээж хятад хэлэнд ус цас биз. Кириллээр уншиж бичиж байна. Гэхдээ дармалд нь илүү сайн юм билээ. Бас англи хэлтэй. Их даруу, хэрэгтэй цагт мэдсэн сурснаа гаргадаг сүрхий залуус байна лээ. Аялалд явж байгаа улс байна, жинс өмсч болно доо, хөдөө гадаа явж байгаа нь энэ гээд амралтын байдалтай хувцаслахгүй юм. Ажил бол ажил л гэнэ шүү. Өнгөрсөн жилийн аялалын хөтөчөөр ажилласан Баянжаргал ах, Люжин хоёр ч гэсэн мөн ялгаагүй 7 хоног албан маягийн хувцастай явсаар аялалыг өндөрлөж байсныг саналаа.
 
Тэд их ажил хэрэгч гэдгийг санааныхаа мухарт тогтоогоод авахад илүүдэхгүй шүү, манайхан. Цаг яг барина. Ажлын уялдаа холбоо их мундаг. Очсон газар бүрт дор хаяж нэг хүн хүлээж зогсох ба шууд л ажлаа тайлагнаад явчихна. Хүлээж авч буй удирдах ажилтанд бидний нэр ус, албан тушаалын тухай мэдээлэл түрүүлээд оччихсон байх жишээтэй. Асуудалд хандаж байгаа байдал, тухайн хурлаас ямар түвшний шийдвэр гарахаар байна, тэр хэмжээнд нь хүртэл хуралддаг гээд анзаарч орхимгүй зүйл тэдэнд олон байна. Энд зориуд дурдахад, өвөрмонголчууд аялалыг салбар тус бүрээр өөр өөр маршрутаар зохион байгуулдаг гэж юм мэдэх хүн хэлсэн. Нээрээ ч тийм биз, миний хийсэн аялал хоёулаа өөр зорилготой, мөн хоёулаа өөр чиглэлтэй байсан юмдаг.
 
Угтах үүд Эрээн
 
Хөх хот руу гарахын өмнө Эрээн хот дахь Хятад-Монголын найрамдлын эмнэлгээр орлоо. Энэ эмнэлгийг хот байгуулагдсаны 50 жилийн ойд зориулж барьсан гэдэг. Өнгөрсөн жил энэ эмнэлгээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж байжээ. Хөл хөдөлгөөн гэх юм алга. Тэгэх нь ээ бямба гараг таарчээ. Гэхдээ л эмнэлгийн өрөө тасалгаа их сэлүүхэн байгаа нь илт байв. Учрыг ухаж ядан байтал “Монголд хямрал нүүрлэсэнтэй холбоотой” гэх үг чихний хажуугаар шүргээд өнгөрлөө.
 
Эндээс гарч Эрээн хотын нэгдүгээр дунд сургуулиар ороход барууны их дээд сургуулиудын загвараар барьсан цогцолбор угтав. Биднийг очиход 12 цагийн орчим болж байлаа. Хүүхдүүдийн зарим нь гадаа тоглож, нөгөө хэсэг нь хооллож байх үетэй очих хугацаа давхцав. Гадаад сурагчдын хэлтсийн дарга Сайханцэцэг гэх залуухан эмэгтэй сургуулиа танилцуулав. Тус сургууль манайтай адил 9 дүгээр сарын нэгэнд хичээл нь эхэлж, өвөл нэгдүгээр сарын нэгнээс гуравдугаар сарын нэгэн хүртэл амардаг. Өвлийн хоёр сар амраад буцаж цуглаад зундаа амардаг гэнэ.  Ихээ хэмжээний газар нутгийг хашаалж, шаардлагатай бүхий л барилга байгууламжийг нэг дор барьсан болохоор сургуулийн хашаанаас гарах ч шаардлага алга. Гарах зав зай ч муутай. Өглөөнөөс хойш хичээл-амралт-хичээл-давтлагын цаг гэхчлэн нарийн хуваариар сургуулийн амьдрал өрнөдөг. Энэ сургуульд монгол хүүхдүүд олноор сурдаг гэнэ. Сургалтын төлбөр, хоол, бусад хэрэглээний мөнгө ороод жилийн тойронд дунджаар 12 мянган юаниар хүүхдээ сургах бололцоотой.
 
Энд ангийн багш нь багш ч болдог, бас эцэг эх нь болдог бололтой. Тиймээс багшийн үүрэг хариуцлага нэлээд өндөр түвшинд тавигддаг шиг санагдсан. Учир нь манайх шиг өдөр тараад гэртээ харина гэсэн ойлголт огт байхгүй. Ганц нэг хүүхэд хүндэтгэх шалтгааны улмаас гэрээсээ хичээлдээ явдаг. Гэхдээ ийм шахуу дадлага сургалтын хажуугаар хүүхэд сургууль руугаа ирж очно гэхээсээ дотуур байрандаа амьдрах нь илүү давуу талтай нь ажиглагдсан. Үүнийгээ ч нотлох гэсэн биз, Сайханцэцэг багш монгол сурагчдын дотуур байраар оруулж үзүүллээ.
 
Охид хөвгүүд тусдаа амьдрах юм. Охидын байраар орлоо. Өрөөний хаалга бүр дээр багшийн болон тухайн сурагчийн нэр, багшийн утасны дугаар, ангийн нэр зэргийг бичсэн байдаг гэж хүүхдүүд тайлбарлав. Арав орчим насны арай том гэснүүд нь давхар ортой өрөөнд амьдардаг юм байна. Дээрээ унтдаг, дороо хичээлийн ширээ, сандал, хувийн эд зүйлээ хадгалах шүүгээтэй. Харин бага насныхныг  дан ортой өрөөнд дөрөв дөрвөөр нь хуваарилжээ. Багачуул нь гэрээ нэлээд санадаг бололтой, дууны өнгөнөөс нь андашгүй. Харин том хэд нь зорилгоо сайн ойлгочихсон, ахиж дэвшиж сурах тухай мөрөөдлөөсөө хуваалцаж байв. Дотуур байраар явж байгаад гарч иртэл өнөө  бужигнаж байсан хүүхдүүд алга. Гэтэл унтлагын цаг болсон гэх тайлбар сонслоо. Үдэд 2 цаг багш сурагчгүй унтдаг гэнэ. Тэр цаг нь болсон тул сургуулийн орчин нам жим.
 
Автобусандаа суугаад цааш хөдөллөө. Сургууль 24 цагийн  харуул хамгаалалттай. Ямар нэг шалтгаанаар гадагш гарах бол багшаасаа чөлөө хүсдэг. Дураараа сургуулийн хашаанаас гарах хориотой. Хүүхдүүдэд гар утсыг нь зөвхөн амралтын өдөр өгдөг. Шаардлагатай тохиолдолд багшаасаа авч ярьчихаад буцааж өгдөг. Сурагчдын цайны газар төрөл бүрийн амт чанартай хоолоор үйлчилдэг. Хоолоо идэх хэмжээгээрээ авна, хоол хаявал ёс суртахууны онооноос нь хасна. Оноогоо хасуулаад байвал сургуулийн тэтгэлэг буюу мөнгөн урамшуулалд хамрагдалгүй үлддэг хэмээн  Сайханцэцэг багшийн ярьсан хэлснийг шүүн хэлэлцэхдээ хэдүүл сайшаасан өнгөн дор яриа нэгдээд Хөх хот руу аялал чиглэлээ.
 
Дэлгэмэл хот-Хөх хот
 
Хөх хотыг амихандаа дэлгэмэл хот хэмээн нэрлэж байгаа нь төлөвлөлт сайтай гэдэг утгаар нь ийн нэрийдэж байгаа юм. Төв рүүгээ төвлөрөөд байх биш. Зах руугаа тэлж байгаа нь суурин бол яах аргагүй Хөх хот. Жилийн өдийд хот руу орж ирэхэд газар шорооны ажил хийж байгаа бололтой, шороон замаар тонгочуулсаар орж ирж байсан.  Энэ жил өнөө газруудад цементэн багана бүхий  газраас хөндий нүсэр нүсэр  давхар замуудыг шаргуухан шиг тавьж байх юм. Давхар зам өнөө жилийн бүтээн байгуулалтыг аргагүй тодотгож байв.
 
 
 
Хот ингэж тэлж байгаа болохоор барууны хөнгөн тэрэг унах нь ихэд элбэгшиж, дугуй унах нь ховорджээ. Нээрээ ч дугуйгаар жийгээд жийгээд ажил амжуулдаг цаг хэдийнэ өнгөрсөн байна. Түгжээ харьцангуй гайгүй юм. Амралтын өдөр бол түгжрэлгүй гэхэд болмоор. Явган явахад машин дайрчих гээд жолооч нар нь түрэмгий талдаа. Аль ч суурин газрын хөл залгах унаа бол нийтийн тээвэр. Одоогоос хэдэн жилийн өмнө ирсэн бол дугуйтай явж байх байсан болов уу гэмээр ахимаг насныхан буудал дээр автобус хүлээгээд зогсож харагдана. Автобус нь 1 юань буюу өнөөгийн ханшаар 300 төгрөг гэнэ. Гэхдээ тогтоосон хязгаарт. Сууж үзэх зав олдсонгүй. Автобус нь манайх шиг л автобус. Харин кондуктор гэж явдаг үгүйг суугаагүй юм билээ. Мөн тэнд сурч буй монгол оюутны ярьж байгаагаар бол, том худалдааны төвүүдийн хооронд явдаг үнэгүй автобус байдаг. Тэр нь 5 минут тутамд явдаг гэх яриаг сонсоод яалтгүй л арилжааны наймааны ухаантай улс юм даа хэмээн хий л амандаа дуу алдав.
 
Хөх хотод түгээмэл үзэж болох зүйлүүдийн нэг бол ургалт сайтай мод, өө сэвгүй зам. Гийчдийг угтан авах нь мод зам хоёр, үдэн гаргах нь мод зам хоёр гээд ойлгочиход болно. Анхнаасаа тооцоо судалгаатай тарьж, нөгөөг нь тавьдаг юм байлгүй. Засч сэлбэж байгаа нь энэ гээд тордож тойглож байгаа юм алга.  Хаа нэг газар ганц хоёр, заримдаа 5-6 хүн шинээр мод тарьж байна уу гэхээс өөрчлөж өөнтөглөөд байгааг ер олж харсангүй.  Түүнчлэн бие биенийхээ гэрлийг хаагаагүй, тогтсон зайг сайтар барьж суурийг нь тавьсан орон сууцны хорооллууд олноор нүдэнд тусна. 20-30 давхар эдгээр орон сууцны хорооллууд өнгө загвараараа ижилссэн байх ба нэг давхартаа 1-2 айлтай барилга эн дунд олон гэнэ. Ер нь сүүлийн үед өвөрмонголд барилгажилтын давалгаа явагдаж байгаагаас анх байр худалдан авч буй залуус хүртэл дунджаар 100 км/кв бүхий 2 өрөө байраас ажил амьдралын гараагаа эхлэх болжээ. Зарим нэг хосууд хотод нэг, хөдөөд нэг байртай байх бөгөөд орон нутаг дахь байр нь түгжээтэй байдаг гэх. Чинээлэгжүү түвшнийхний хувьд олон байртай байх явдал энгийн үзэгдэл болж, тэдгээрийг татвараар зохицуулж байдаг бололтой.
 
Хөх хотын ерөнхий төрхийг ажвал төвийг сахьсан гэмээр дүр зураг бүрдүүлсэн шиг санагддаг. Тоосгон уламжлалт барилгууд зайгаа тавьж, оронд хиймэл гол бүхий их хот энд төвхнөж байна. Монголчуудын ярьдгаар шинэ юм зул болж, хуучин ул болж буй цаг санж. Оршин суугчид нь, тэр дундаа орчин үеийн загвараар хувцасласан, нуруулаг залуучуудтай олонтой тааралдах юм. Дунд сургуулийн гэмээр хүүхдүүд, бас оюутнууд тэр бүр хотын гудамжаар сэлгүүцэхгүйг харахаар Эрээний цогцолбор сургууль санаанд буух. Дунд насныхан, түүнээс дээш насныхантай ихээр таарах бөгөөд монгол хэлээр чөлөөтэй ойлголцох тухай асуудал бас л төвөгтэй. Манайхны хоёрдогч хэл хэмээн тунхаглаад буй англи хэл гэхэд энэ хотод хүчинтэй бус. Буудлын жижүүр, зоогийн газрын үйлчлэгч нь хүртэл англиар А ч үгүй. Гэхдээ л дэлхийг нэгтгэж буй хотжилтын явц хэзээ нэг өдөр тэднийг англи хэл сурах сонирхол шаардлага руу татан оруулах биз хэмээн бодогдсон. Хот гэдэг загварчлал энэ дэлхийн 7 тэрбум хүнийг олон зүйлээр адилтгаж, ажиллаж амьдрах, харилцан зорчих, амарч тухлах, арилжаа наймаа хийхэд амар дөхөм болгож байгаа ч, нөгөө талаараа бусдаас адил төсгүй байх үндэстэн ястаны мөн чанарыг үгүй хийж ч байх юм шиг.
 
Хадан дээр мод ургуулдаг Улаанцавынхан
 
Хятадын өөрчлөлт шинэчлэлтийн ерөнхий төлөвлөгч Дэн Шяопин, “ӨМӨЗО өргөн уудам тал нутагтай, хүн ам тийм ч олон биш, цаашдын хөгжилд бүх хятадын өмнө эгнээнд явах магадлалтай” хэмээн хэлжээ. Тус орны өнгөрсөн он жилүүдийн хоцрогдол өнөөдрийн түвшинд харин ч оновчтой бодлогоор түргэн хугацаанд хийдэлгүй хөгжих боломжийг олгосон бололтой. Түүнчлэн хот суурин хөгжил түргэнтэй, хөдөө газар гэхээр хөгжил сул байх албагүй гэдгийг Улаанцав чиглэсэн замд олж харж явлаа. Хөх хотод босгож байсан өндөрлөг бүхий давхар зам, ногоон байгууламж, далан шуудууны ажил орон нутгийн замд ч үргэлжилсээр.
 
 
 
Дараагийн үдэлж буудалласан буудал бол Улаанцав. Хөх хотод халуун бөгчүм байсан бол Улаанцавт ирэхэд бага зэргийн бороо орж байлаа.  2.8 сая хүн амтай. Үүний 70 мянга нь монголчууд. Хөл хөдөлгөөн  сийрэг, тиймдээ ч дуу чимээ багатай. Хэзээ хэн ирж худалдан авахийг бүү мэд, өнөө л орон сууцны хорооллуудаа барьж л байх юм. “Сүүлийн үед хот эрчимтэй хөгжиж байгаагаас Бээжингийнхэн хүртэл асар худалдаж авдаг болсон” гэж тэд ярьж байна. Хотынхон өөрсдийгөө төмсний тариалалтаараа улсдаа тэргүүлж байгаа гэдгээрээ ихэд бахархдаг юм билээ. Миний хувьд урд зүгт ногоо цагаа тариалж гэхэд гайхам зүйлгүй санагддаг. Мэдээж тун амаргүй хичээл зүтгэлээр салбартаа тэргүүлэгч болдог гэдгийг мэдэх ч тэдний яриан дундаас хотыг тойрсон хад асга бүхий гурван уулыг моджуулж, өнгөрсөн онд хамгийн их мод тариалсан гэх алдарыг хүртсэн гэх яриа байлаа. Мөн их авьяас аа. Хайргатай газар мод ургуулах гэж махаа бардаг атал хадтай ууланд мод ургадгийг сонсоод онцлолгүй өнгөрч чадсангүй. Мод бут элбэгтэйнхээ хэрээр бороо усны тогтоц сайжирсан гэх.
 
Хотын тэн хагас нь арьс ширний үйлдвэрлэлийн бүс гэнэ. Бидний зорчих хугацаа давчуу байсан тул арьс ширний үйлдвэрлэлтэй танилцаж амжсангүй. Ямартай ч тэдний өөрсдийнх нь барьж буй түлхүүрийн оосорны зузаан шир тун уян, яаж боловсруулахаараа торгон савхи шиг болдог байна аа гэмээр боловсруулалттай.
 
Энэ жил онгоцны буудал шинээр баригдах тул наймаа арилжааны урсгал энэ хотыг улам тодотгох нь тодорхой болжээ. Үүний зэрэгцээ аялал жуулчлалын газруудыг олноор барьж байгуулж байгаа гэнэ. Ялангуяа арьс ширний салбарт манайтай хамтарч ажиллах сонирхол өндөртэй юм билээ. Эдний засаг захиргаа өнөө жил гурван гол ажил төлөвлөсний нэг нь Монгол, Орос болон Европ гэсэн гурван чиглэлд хамтын ажиллагаа тогтоох явдал хэмээн тодорхойлжээ. Монголчууд тэр бүр Улаанцаваар зорчоод байдаггүй болохоор найрсаг зочломтгой зангаараа бидний хэсэг хүмүүсийг угтан авч, хүндэтгэн хүлээж авсан гэдгийг зориуд дурдах нь зүйтэй байх аа.
 
Сургаар мэдэх Шилийн гол
 
Улаанцаваас бид өглөө 8 цагийн үед хөдлөв өө. Хоёр хотын хооронд ойролцоогоор 500 км гэнэ. Бодлоо. “Сайн давхивал 6 цаг гаруй гишгээд оччих юм байна” гэх ухааны тооцоо хийсэн нь ёстой байнд ч үгүй, банзанд ч үгүй юм болов. Бараг 10 орчим цаг унтахдаа унтаж, сэрэхдээ сэрж газрын байдлыг ажсаар арай гэж Шилийн хот орсон шүү. Тухайн үед арай хурдалж болдоггүй юм байх даа гэж бодсон ч ажилдаа нягт нямбай хандахын нэг үлгэр юм уу даа хэмээн хүлээж авсан.
 
Улаанцаваас гарахад урд газрын улаан тоосгон байшин, хагалсан ногооны талбай, угсраа хүлэмжүүд, өндөр хүчдлийн шонгууд, шиврээ бороо үдэж мордуулсан бол Шилийн гол руу ойртох тусам монголын говь хээрийг харах шиг санагдсан. Газар нутгийн байдал манайтай тун төстэй. Зам зуур алаг голдуу үхэр бэлчээстэй. Жаахан л оочин цоочин газар байвал нөгөө л үрслэгээгээ суулгачихсан байх. Сүүлдээ ч бүр зам, мод хоёрт “пологтсон” л доо. Харин сав л хийвэл магтаад байвал өнөө сайхан замуудад асуудал нэг байна. Хэрэв зөв зам сонгож орохгүй бол буцаж эргэх боломж бага, зарим нь нэг урсгалтай тул хэдэн км явж байж зам огтлолцохыг хэлэхэд хэцүү.
 
Шилийн гол аймагт ирлээ. Аймгийн төв нь Шилийн хот. Бас л гоочлоод байх юмгүй сайхан хот. “Шилийн гол” ажил мэргэжлийн сургуультай танилцлаа. Сургууль 2003 онд байгуулагдсан. Эдүгээ 13 салбар сургуульд олон төрлийн мэргэжлээр оюутан элсүүлж сургаж буй. 1000 гаруй багш ажилчидтай, 18 мянган оюутантайгаас 8000 нь дотуур байранд амьдардаг. Сургуулийн ерөнхий загвар нь мөн л барууны их дээд сургуулийн цогцолбор маягаар баригдсан. Хичээл намар эхэлж, 12 дугаар сарын сүүлч гэхэд амарна. Гуравдугаар сарын нэгнээс хоёрдугаар улирал эхэлж, 7 дугаар сард амардаг. Анх 2012 онд монголоос элсэлт авахад 5 хүүхэд элсч байсан бол, 2013 онд 52, 2014 онд 117 болж өсчээ. Энэ онд 200 хүүхэд элсүүлэх ч тоонд бус чанарт анхаарч элсэлтийн шалгалтаа зохион байгуулах гэнэ. Уламжлалт анагаах ухаан, малын эмч, нягтлан бодох зэрэг мэргэжлээр элсэлт авдаг гэх ч энэ жил хөлбөмбөгийн тамирчин, дасгалжуулагч мэргэжлээр монголоос элсэлт авна гэсэн яриа анхаарал татав.
 
Шинэ ангид 15-18 насны, ЕБС-ийн 9 дүгээр анги төгссөн, хөл бөмбөгийн спортоор хичээллэх сонирхолтой, 50 хүүхдийг хүйс харгалзахгүй элсүүлэх гэнэ. Тэнцсэн тохиолдолд сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Дээр нь сар бүр 1000 мянган юаний тэтгэлэг өгнө. Сурья гэсэн хүнд энд дутуу юм  алга. Зөвхөн сургуулийн номын сан гэхэд сэтгүүлийн, хичээлийн, уран зохиолын, кирилл, уйгаржин, хятад номын гэхчлэн тус тусдаа төрөлжсөн. Спортын ордон гэхэд 26 мянган хүний багтаамжтай. Монгол оюутнууд өөрийн дотуур байртай. Эрэгтэй эмэгтэйгээрээ тусдаа байрлана. Хариуцсан багш нь монгол. Сургуулийн орчин цагдаагийн хамгаалалтад байдаг, камерын системээр бүрэн хянадаг. Дэг журамд торж тогтож чадна гэвэл сурах нөхцөлд айлтгүй. Оюутнууд 6 цагт босч гүйснээр сургуулийн амьдрал эхэлнэ гээд бод доо.
 
Сэхээвчээ нээж буй хэвлэлийн салбар 
 
Бид Хөх хотноо Өвөрмонголын “Өдрийн сонин”-ы хороо, Сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо, “Өнөрцэцэг", “Дэлхийн уран зохиол”, уйгаржин монголоор гардаг дуу хөгжмийн “Талын дуулал” сэтгүүл болон хэд хэдэн хэвлэх үйлдвэрийн ажил байдалтай танилцсан. Түүнчлэн орон нутгийн түвшний сонин хэвлэлийнхний ажил байдалтай ч танилцлаа. Явсан газар бүртээ “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа өөрийн сонины үүх түүх, өнөөгийн байдлын талаар товч танилцуулга хийж, хэрхэн хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцож явсан. Тэд манай сониныг ихэд олзуурхан сонирхож, хамтарч ажиллах сонирхол их байна, гэхдээ тус орны хилээр хэвлэмэл бүтээгдэхүүн оруулж гаргах нь төвөгтэй тул цахимаар уншиж солилцох бүрэн боломжтой гэдгээ дуулгаж байв.
 
 
 
Тэнд хэвлэмэл бүтээгдэхүүн олон арван хувиар гарч байна. Учир нь тэдгээр сонин сэтгүүлийн зардлыг төрөөс дааж, үнэ төлбөргүй тараадаг аж. Гэхдээ дэлхийн хэвлэлийн чиг хандлага руу шилжих явц ч өрнөж байна. Тухайлбал, уйгаржин монголоор сонин гаргадаг 9 аймаг нэгдэж, тус тусын 12 сониныг нэг дороос харах бололцоотой сайт нээжээ. Мөн гар утсан дээрээсээ мэдээллийг хардаг үйлчилгээ ихэд түгээмэл дэлгэрч байна.
 
Бидний орсон хэвлэлийн байгууллагууд нь ашгийн гэхээсээ ухуулан сурталчлах, гэгээрүүлэх үүргийг давхар гүйцэтгэдэг юм уу гэж бодогдсон. Яг л манай улсын зах зээлд шилжихийн өмнөх шиг. Ямартай ч хэвлэл мэдээллийн хүчирхэг бүрэлдэхүүн энэ улсад ажиллаж байна. Зарим сэтгүүл бүр үдэж архивлах зорилгоор жилдээ 1-2 удаа сэтгүүлээ товхимол болгоод гаргадаг байх жишээтэй. Хэвлэх үйлдвэрийнхний хувьд Германы хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж суурилуулсан байх ба хоногтоо олон арван сонин, жилдээ тоо томшгүй ном товхимол хэвлэх аж. Ямар хэм хэмжээ, өнгө загвараар сонин сэтгүүл, ном товхимол хэвлэнэ гэнэ, түүнд асуудал алга. Хэвлэхийнхний хувьд мөн л тухайн өдрийнхөө сонины эх хувийг нь цахимаар шилжүүлж цаадуул нь тогтсон тоогоороо хэвлэдэг гээд техник технологиороо гүйцэж түрүүлсэн тал байна аа байна. Бид харин ямар талаараа тэднийг түрүүлснийг мэргэн уншигч тунгааг гээд энэ удаагийн тэмдэглэлээ өндөрлөе.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг