sonin.mn
СӨҮЛ. /TASS/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ким Дэ Жуны бэлэвсэн гэргий Ли Хи Хо ойрын үед Умард Солонгост айлчилна. Айлчлалыг нь Засгийн газар баталсан бөгөөд хоёр Солонгосын харилцааг сайжруулахад тус дөхөм болно гэж Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан тус улсын Ерөнхий сайд Хван Гё Антай уулзсаныхаа дараа өнөөдөр мэдээлжээ.
 
“Энэ алхам нь Пхеньян болон Сөүл хоорондын түгшүүртэй байдлыг багасгахад хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна” гэж Ли Хи Хо цохон тэмдэглэжээ. Тэрбээр мөн энэ талаар гаргаж буй хүчин чармайлтад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.
 
Умард Солонгост хийх түүний уулзалтуудын үеэр хэлэлцэх асуудлуудын талаар одоогоор мэдээлээгүй байна. Айлчлалыг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны хувийн урилгаар хийж байгаа аж.
 
Ким Дэ Жун Пхеньянтай харилцаагаа эрс сайжруулж чадсан нарны гэрэл гэж нэрлэдэг бодлогын гол санаачлагч байсан юм. Тэрбээр 2000 онд Умард Солонгосын нийслэл хотод айлчилж, тухайн үед тус улсын удирдагч байсан Ким Жөн Иртэй хэлэлцээ хийж байжээ. Энэ хэлэлцээний дүнд Солонгосын хойгт энх тайван байдал тогтоох тухай түүхэн тунхагт гарын үсэг зурсан юм.
 
Гэвч Ким Дэ Жуныг таалал төгссөний дараа Солонгос хоорондын харилцаа дахин аажмаар уналтад орж эхэлсэн билээ. Өдгөө 93 настай Ли Хи Хогийн Пхеньянд хийх энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааг хэвийн болгоход тус дөхөм болно гэж Сөүлийн эрх баригчид таамаглаж байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг