sonin.mn
“Бүгдээрээ хэлэлцэвэл буруугүй” гэдэг хэлц цаг үеийн шалгуурыг даван гарч ардын сургаал үг болсон нүүдэлчин түмний баримтлах зарчим болсон. Тиймээс ч бид 1992 онд Үндсэн Хуулийг батлахад тухайн үеийн сонгуулийн насны 1 сая 200 мянган хүнээс  900 мянга гаруй нь оролцож хэлэлцсэн нь Монголын түүхэнд урьд өмнө хэзээ ч гарч байгаагүй үндэсний зөвшилцөл юм. Энэ бол өнөөг хүртэл гарж байгаагүй том амжилт.
 
Энэ цагийн ололт болсон зөв жишгийг ХҮН нам хадгалах, хэн нэгэн эсвэл бүлэг этгээдийн хүсэл сонирхолоор эвдүүлэхгүй байх зарчмыг хамгаалж олон түмнийг Үндсэн Хуулийн өөрчлөлтийн нийтийн хэлэлцүүлэгт уриалан дуудаж байна.
 
Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэгчлэн нийгмийн харилцааг зохицуулж буй хуулиудын эх ундарга байх ёстой Үндсэн Хууль - ариун булагийн эхийг булингартуулах эрхийг зөвхөн тэдэнд олгох нь зөв үү эсвэл нийтээрээ хэлэлцэж өөрчлөх эрх, өөрчлөлтийг нь батлах зөв үү?
 
Өмнө нь тарьсан балаг нь одоо ч арилаагүй, “дордуулсан долоон өөрчлөлт”-ийнх нь балагийн үр дагаварыг бид өнөөдөр ч хүртсээр байна. Сэм хуйвалдаж, ард түмнийг үл ойшоосон энэхүү явдлын хор уршгийг бүх монголчуудаараа үүрч яваа нь маргашгүй үнэн билээ.
 
Энэ үйл хэрэгт нэгдэж, “Үндсэн Хууль – Үндэсний Зөвшилцөл” иргэдийн тайван цуглаанд 1000 гаруй ХҮН намын гишүүд, дэмжигчид, уриалгыг дэмжсэн жирийн иргэд Улсын Драмын Эрдмийн Театрт цугларлаа. Цуглаан зохион байгуулагчид, цугларсан олон шаардлагаа УИХ – д хүргүүлсэн байна.