sonin.mn

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн байдал хүнд болсон тухай эх сурвалж өгүүлж байна. Түүний ахлах зөвлөх асан Л.Гансүх, “хүргэн” гэгдэх Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдэхээр болж буй бөгөөд  мөрдөн байцаалтын явцад Н.Алтанхуягтай холбоотой цөөнгүй зүйлс гарч ирсэн гэнэ.

 

  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан, уг хуулийг хэлэлцэхийг зогсоосонтой холбоотойгоор Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлсэн зэрэг нь ердөө л  удахгүй өөрт нь учирч болох асуудлыг л улс төртэй холбох шаардлагаас үүсэлтэй аж. Үнэхээр дээрх хуулиудыг өөрчлөх замаар АТГ-ыг хүчгүйдүүлэх сонирхолтой байсан бол тэрээр УИХ-ын өөр гишүүдээр тогтоолын төслөө өргөн бариулах боломжтой байсан нь нууц биш.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ч баривчлагдахынхаа өмнөхөн 2008 оны 7 сарын 1-ний үймээнтэй холбоотой ҮАБЗ-ын протокол гэгчийг дэлгэж байлаа.  Харин одоо Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт хэрэг үүсгэн, баривчилж ч мэдэх нөхцөл байдал үүссэн тул тэрээр сандарч, ийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руу дайрах болсон гэнэ. Түүний зөвлөх асан Л.Гансүх, “хүргэн” Г.Дэнзэн нарын хувьд ч байдал тун хүнд болсон ажээ.

Э.Мягмар