sonin.mn
Хойд хил дээр дурсгалын цогцолбор дээрээс би хойшоо харж зогсоно. Гурван голын билчэр, хилийн цаахна дэргэд, алган дээр тавьсан юм шиг тодхон. Сэлэнгэ мөрөн маань энд нийлээд Байгаль далайг зорих аж.Өнөөдрийн Улаанбаатарчуудын бохироор бузарлагдсан Туул гол маань эх орондоо таван аймаг, 37 сумын нутаг дамжин “ялгадас” тарааж байгаа төдийгүй Орхон, Сэлэнгэтэйгээ нийлээд Байгаль далайг зорьдог байх нь.
 
Нэг үгээр хэлбэл бидний “Азийн цагаан дагина” болгосон Улаанбаатар нийслэлийг маань Э.Бат-Үүл, Д.Баттулга нарын хүмүүс гуравхан жилийн дотор, олон улсын “хамгийн бохир Туул голтой”, “Хамгийн том жорлон” болголоо. Байгаль нуур хүртэл энэ ус цэвэршинэ. Бохирдоно. Мэдээж, янз бүр л болох байх. Гэхдээ сая гаруй хүн амтай бүхэл бүтэн том хотын бохир-ялгадсаас зохих хэмжээгээр Байгальд цутгаж л таарна.
 
Бидний үеийнхэн “туулаа, Тунгалагаа, дурлалыг минь холбосон Туулаа!” хэмээн дуулцгааж байсан бол, өнөөдөр “Азийн цагаан дагина” хаягтай ногоон уут хог дээр овоорч, хогийн машинаас Улаанбаатарын “Сүлд дуу” хангинах боллоо.
 
Улаанбаатар хотыг маань гуравхан жилийн дотор ийм болгосон хүмүүс бол яах аргагүй нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга нар гэдэгтэй хэн ч маргахгүй байх.
 
Тэд “Нийслэлд ганцхан байгаа цэвэрлэх байгууламжаа засаач, янзлаач”, “Шинэ цэвэрлэх байгууламж бариач” гэсэн олон түмний удаа дараагийн санал хүсэлт, мэргэжлийн байгууллага, хүмүүсийн шаардлагыг хүлээж авсансан бол өнөөдөр нийслэлийн сая гаруй хүний бохир ялгадсыг Туул гол руугаа цутгахад хүрэхгүйсэн. Энэ хоёр дарга даан ч чихгүй юм шиг хандсан. 
 
Нийслэлд нэг байтугай хэдэн цэвэрлэх байгууламж барьчих мөнгөөр өөрсдөө тансаглаж, хэнд ч хэрэггүй хогийн ногоон уутыг тэрбум тэрбум төгрөгөөр шахаж, зуны гуравхан сард олон тэрбумын үнэтэй эрээн цэцэг суулган гандааж, хөл бөмбөгийн тэмцээн үзүүлэхээр олон арван хүнтэй баг илгээж, яаж дураараа загнав аа!
 
Тэгтэл өнөөдөр нийслэл хот маань утаанаасаа салалгүй, агаар хөрсний бохирдол нь туйлдаа хүрч, дээрээс нь түмэн хүний ялгадсыг Туул руугаа шахдаг боллоо. Одоо биднийг нийслэлээ орхиод хөдөө яв гэж даажигнаж байгаа.
 
Энэ бол хотын хоёр даргын гуравхан жилийн дотор хийсэн “нүгэл”-ийн өчүүхэн хэсэг нь. Эрдэнийн Бат-Үүл гэгч энэ хүн “Улсын баатар”-ын далавчин доор хувийн өмч рүү дайн зарласан. Ардчиллын үнэт зүйл бүхнийг устгасны нэгээхэн хэсэг нь энэ. 
 
Бүх зүйлд хувийн ашиг сонирхлын үүднээс ханддаг болсон. Энд зөвхөн газрын луйврыг нь авч үзэхэд л хангалттай байх. Хотын дарга болмогцоо “гэр хорооллын дахин төлөвлөлт” гэж бужигнуулснаа сүүлийн үед “хуучин орон сууцнуудын дахин төлөвлөлт” хэмээн шинэ зүйл гаргаж ирлээ. Энэ “дахин төлөвлөлт”-үүд нь ерөөс ганцхан зорилготой.
 
Хотын аль ашигтай сайн байрлалтай газруудыг дахин төлөвлөлт нэрээр булаан авч танил тал, ойр дотныхондоо өгөх явдал. Энэ дунд хүүгийнх нь компани хүртэл явж байгаа. Дахин төлөвлөлтийн удирдлага нь, дан өөрсдийнх нь ойр дотны хүмүүс, Э.Бат-Үүлийн сонгуулийн сурталчилгаанд явж байсан хүмүүс. Тэд худал амлалт, сайхан нэрээр иргэдийн газрыг булаан авч, мянга мянган иргэнийг өнөөдөр орох оронгүй болгочихоод байгаа.
 
Цаасан дээр зурсан гоёмсог хорооллын зураг, макет, түрүүчийн Засгийн газрын үед бариад дутуу орхичихсон зарим барилгыг гүйцээснээ орой болгон телевизээр харуулан бидний тархийг угааж байгаа. Э.Бат-Үүл, хотын дарга болохын тулд сонгуулийн өмнө, сонгуулийн дараа юу гэж амлаж байсны заримыг сөхье.
 
-“Та нар нэг м2 газраа саяас доош үнэлж болохгүй шүү. Газар үнэд орно. Амьжиргааны гол хэрэгсэл тань энэ болно” гэв. Сонгууль өнгөрмөгц энэ үгээсээ буцаад, иргэдийн газрыг өчүүхэн багаар үнэлж, чөлөөлөхгүй гэвэл албадан чөлөөлж иргэдийг дасаж суурьшсан газраас нь хүчээр хөөж байгаа.
 
-“Улаанбаатар хотыг АНУ-ын нийслэл хотын жишгээр хөгжүүлнэ” гэв. Юун, АНУ-ын нийслэлийн жишиг бүү хэл Эрээний жишгээр ч хөгжиж чадсангүй, бүх талаар ухарлаа. “Элит хороолол” нэртэй хэдэн өндөр байшин баригдсан ч, зарим баячууд нэр дээрээ 60-70 орон сууц эзэмшиж, гэр хорооллын ядуус байргүй хэвээрээ.
 
-“Хотын утааг мэдэгдэхүйц бууруулна” гэсэн. Гэтэл утаа улам нэмэгдсэн. Э.Бат-Үүл арга тасрахдаа утааны хорт бодис нь буурсан бололтойгоор иргэдийн тархийг угаасан. Гэтэл агаарын бохирдлын талаар докторын зэрэг хамгаалсан их эрдэмтэн Н.Сайжаа: “Утаа л байгаа бол хорт бодисууд нь буурна гэж байхгүй” хэмээн мэдэгдсэн.
 
-Огт хэрэгцээгүй хогийн ногоон уутыг иргэдэд шахсан, танил тал компаниудаараа жилд 200000 цэцэг тариулан тэрбум тэрбумаар нь мөнгө өгсөн, зай талбай бүхнийг зориуд барилга байшингаар дүүргэн машин тавих зогсоолгүй болгож ядуусын машиныг ойр дотно компаниудаараа дарамтлуулан ачуулж, дугуйг нь түгжүүлэн хууль бусаар хохироож байгаа... зэрэг иргэдийнхээ эсрэг олон нүгэл үйлдэж байгааг бүгд мэднэ.
 
Хамгийн гол луйвар нь гэр хорооллын болон хуучин орон сууцны дахин төлөвлөлт гэгч. Уул нь ухаантайхан удирдлага бол нийслэл хотоо зах хязгаар руу нь тэлж, төв хэсгийнхээ зай талбайг гудамжуудаа өргөтгөх, машины зогсоол бий болгох замаар түгжрэлийг сааруулах ёстой байсан юм. Гэтэл тэгсэнгүй. Хотын эргэн тойронд зөндөө газар байгаа.
 
Тэнд хямд төсөр хорооллууд бариад гэр хорооллынхноо оруулчихаж болох л байсан. Тэгтэл бүр эсрэгээр, газар орон сууц хоёрыг цахим сүлжээгээр бүртгэж, олгож байгаа нь энэ гээд цахим мэдэхгүй ядуусыг нь хөл хорьж, цахим сүлжээний дээдэс нь нэг айл жар далан орон сууцтай, байрлал болгонд газартай болчихсон байх юм.
 
Энэ чинь нийслэлийн удирдлагуудын, жирийн иргэдээ хавчин гадуурхах бодлого мөн биз дээ?! Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Т.Гантөмөр нарын удирдсан багууд энэ дахин төлөвлөлтийн ажил гэгчтэй хэдэн удаа тойрч танилцсан. 
 
Энэ баг бүрэлдэхүүнд сурвалжлагчаар оролцсоны хувьд зарим зүйлийг газар дээр нь үзээд үнэхээр харамссан л даа.Э.Бат-Үүл, луйвар гэхэд арай дэндүү луйвар хийсэн. Нийслэлийн хамгийн сайхан байрлалтай 24 газрыг сонгон авч, “гэр хорооллын дахин төлөвлөлт” гэгч, хатуухан хэлбэл “дээрмийн” үйл ажиллагаагаа эхлүүлсэн байгаа.
 
Нэг хашаанд ах дүүсээрээ амьдарч болоод байсан, идээшиж дассан газар нутгаас нь “шинэ байранд оруулна” гэх буюу багахан мөнгө амлаж хөөсөн байгаа юм. Э.Бат-Үүл болон түүний шадруудад хууртагдсан хүмүүс, сайхан мэрээдэл өвөрлөн салж явцгааснаас хойш 1-3 жил өнгөрч байна. Олонх нь түрээсийн умгар өрөөнд, нэг хэсэг нь ах дүү, төрөл садныдаа, зарим нь хотын захын бяцхан зай талбайд хоног төөрүүлж байгаа нь туйлын үнэн.
 
Баянзүрх дүүргийн хэсэг иргэд цуглан газраа дээрэмдүүлсэн тухай хэвлэлийн бага хурал хийж байгааг харахад үнэхээр өрөвдмөөр байна билээ. Д.Батдэлгэр гэж эмэгтэй, Э.Бат-Үүлийг “Улсын баатар” юм болохоор нь итгээд газраа чөлөөлчихсөн нь нэг мөсөн сүйрлээ гээд уйлж байгааг телевизээр бүгд харсан байх.
 
Хэдхэн хоногийн өмнө Гандангийн дэнжид иргэдийн цуглаан болж билээ. Энэ цуглаанд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон хот, дүүргийн зарим удирдлага оролцсон. 
 
Энэ цуглаан дээр СӨХ-ны дарга А.Амар нарын олон хүн “Энэ Бат-Үүл гэдэг чинь ямар муухай араншинтай хүн бэ? Бидний амьдарч байгаа таван давхар байшинг орон сууцны дахин төлөвлөлт нэрээр нураана гэж заналхийлээд байх юм. Манай орон сууц бол олон зуун хүн амьдардаг, хугацаа нь дуусаагүй сайн барилга. Зөвхөн газарт нь л шунаад байгаа юм билээ. 
 
Хэзээ Бат-Үүлийнхэн ирээд байр сууцыг минь нураах бол гэж айгаад унтаж ч чадахаа байсан” гэж яриад И.гэгч эмэгтэй үйлж байна билээ. “Гандангийн хоёр өндөр” хэмээн нэрлэгддэг орон сууцнууд байрлаж байгаа хэсэгхэн өндөрлөг бол манай нийслэлд үнэхээр ховорхон байрлалтай газар.
 
Тэр газрыг гартаа оруулж авахын тулд өөрийн ойр дотны хэдэн хүнээрээ санал гаргуулан “дахин төлөвлөлт” нэрээр дээрэм хийж байгаа нь энэ. Ийм баримт хэдэн арав зуугаараа бий. Энэ “дахин төлөвлөлт” гэгч луйвар бол, “Хадгаламж зээлийн хоршооны луйврын” дараа босч ирсэн хамгийн том хэлмэгдүүлэлт юм. 
 
Одоо дараачийн сонгууль болоход ганцхан жилийн хугацаа үлдлээ.  “Дахин төлөвлөлт” хэмээх сайхан нэрийн доор хувийн газар, орон байрнаасаа хөөгдсөн мянга мянган хүн, хотоор тэнүүчилсээр шинэ төр засагтай золгоно. Мэдээж, газрын луйварчин Э.Бат-Үүлийнхэн ор мөргүй арилсан байж таарна.
 
Тэр үед булхайгаа булахын тулд нэг сонин арга хэрэглэж байгаа. Та бүхэн анзаарсан бол, айлуудыг нь хөөж нүүлгэчихээд ганц хоёр айл зориуд үлдээсэн байгаа. Бага мөнгө, хариугүй жижиг орон сууц амлаад шүү. Энэ нь, хэрэг бишдэх үед “Газраа чөлөөлөөгүй айлаас болоод дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа саатсан” гэж, бурууг бусад руу чихэх гэж байгаа нь тэр гэнэ.
 
Э.Бат-Үүлийнхний, сүүлийн үед санаж сэдсэн нэг ноцтой зүйл бий. Тэр нь хуучин орон сууцуудыг дахин төлөвлөх нэрээр газрыг нь булааж авах явдал. Үүнд хамгийн түрүү хамрагдах орон сууцнууд нь хотын төвийн 40, 50 мянгатын хороолол, нэхмэлийн шарууд, төмөр замын дан давхар орон сууцнууд…гэх мэт. А, Б зэрэглэлийн бүс дэх орос, хятадууд, үндэсний барилгачдынхаа барьсан байр орон сууцнуудыг буулгах гээд байгаа юм. Хүмүүс бол “Үүний цаана Оросыг үзэн ядах үзэл явж байгаа юм” гэлцдэг. 
 
Ялангуяа Ленин, Сталины хөшөө дурсгалыг буулгаж, Лениний музейг араг ясны музей болгохоор эхлэсэн “Оросын эсрэг үзэл”-ийг дэвэргэж байна гэх юм билээ.
Энд, манай нийслэлийн иргэн хэн боловч анхаармаар нэг ноцтой зүйл бий.
 
Олон улсын жишгийг харж байхад манай мэтийн ядуу буурай улс, хүн амьдарч байгаа хуучин барилга орон сууцнуудаа нурааж устгаад байдаггүй юм билээ. Та нар, Бээжин хотын төв хэсэгт давхар байтугай дан шавар байшингуудийг сайхан засч тордоод хадгалж хамгаалж байдагийг лав харсан байх. Өнөөдөр тэгтэл Бат-Үүлийнхэн байрлал сайтай газар л бол ямар ч сайхан орон сууцнуудыг нураахад бэлэн болсон байна. 
 
Өөр намын, ардаа тулах түших хүнгүй 12 давхар шинэ орон сууцыг нурааж байгаа хэрнээ, өөрсдийнхөө ивээлийн хүмүүсийн, ЦТП-дээр барьж байгаа 10 давхар орон сууцны барилгыг буулгахгүй л байгаа шүү дээ. Энэ, мөн их ялгавартай байгаа биз. Хувийн ашиг сонирхлын үүднээс явж байгаа Э.Бат-Үүлийнхний алагчлал энэ. Зарим нь, өш хонзонгийн гэмээр зүйл ажиглагдах болсон. 
 
“Өдрийн сонин”-ы таван давхар шинэ байрыг та нар санаж байгаа байх. Өнгөрсөн жил хоёр талынх нь цонхнуудыг хаасан, арван хэдэн давхар хоёр өндөр барилга барьсан. Хүмүүс ярих нь: “Хотын удирдлагууд, үнэнийг бичдэг, зоригтой шүүмжилдэг сониныг зориуд дарамтлан, хоёр талыг нь хаасан барилгын зөвшөөрөл олгож байгаа юм.
 
Хотод, буулгавал буулгачихмаар барилга энэ хоёр өндөр л байгаа. Тэгтэл Бат-Үүлийнхэн огт хир халдаахгүй байгаа” гэх юм билээ. Э.Бат-Үүл, Д.Баттулга нарын бүлэглэлийнхэн удахгүй явна л даа. Сонгуулиар уу, сонгуулийн наана уу, гэдэг л байна. Нийслэлийнхний бухимдал туйлдаа хүрч. Жолооч, эмнэлэг, сургуулийнхан, хувийн хэвшлийнхэн, гэр хорооллынхон…гээд олны тэвчээр алдагдан, заримынх нь амнаас “огцор” гэсэн үг сонсогдох боллоо.
 
Хүнд чинь ичих булчирхай гэж нэг юм байдаг даа. Тэгсэн чинь Э.Бат-Үүл маань 2020 онд нийслэлийнхэнд метроны түлхүүр гардуулж өгчихөөд явах бололтой юм, хэнэг ч үгүй яриад байдаг, сонин л юм.
 
Нэг муу тулга тойрсон зальтай, мэдлэг мэргэжил маруухан, хувийн ашиг сонирхолд хөтлөгдсөн, хот байгуулалтын А-ч үгүй Э.Бат-Үүл мэт нь нийслэл хотыг удирдах ухаан үнэндээ хүрэхгүй байна. Өнөөдөр улсын нийслэлийг байтугай аймаг, сумыг өндөр боловсролтой, алсыг харж өргөн цар хүрээтэй сэтгэдэг, хот байгуулалтын наад захын мэдлэг мэргэжилтэй хүн удирдахгүй бол явахаа больсон байна. 
 
Тэгээд ч, С.Зоригийн аймшигт аллагын үеэр цагаан малгай нь талийгчийн орон дороос гараад “аавын хаалга” татаж байсан Э.Бат-Үүл, “Казиногийн хэрэг”-ээр ял эдэлж байсан Д.Баттулга хоёр, орчин үеийн нийслэл хотыг удирдаж чадахгүй нь гэдгээ аль эрт харуулсан. Худал амлалт, хувиа хичээсэн бодлоор Э.Бат-Үүлийнхэн хол явахгүй л дээ. Даанч олон хүний амь, амьдралаар тоглочихлоо.
 
Багануурын хортой нүүрсээр утуулж уушги нь муудсан болон нас барсан хүмүүсийн амийг нэхэж, Туулыг ширгээж бохирдуулан нийслэлийнхнээ “эрүүл аюулгүй орчинд амьдруулах” Үндсэн хуулийн заалтаа зөрчсөн хариуцлагыг, хогийн ногоон уут, гудамжны эрээн цэцэг, талбай угаагч машин, райлбус авчирч зорчигчгүй давхиулсан төлбөр, хууль зөрчин машин ачиж, дугуй түгжсэн гэмт үйлдэл, 12 давхар барилга хазайсан хэмээн ямар ч шинжилгээ дүгнэлтгүйгээр сүржигнэлдэн олон тэрбумын хохирол учруулсан хэрэг явдал гэх мэт гэм буруутайн хариуцлагыг Э.Бат-Үүл гэж хүнтэй тооцох цаг болсон гэж олон түмэн ярьж байгаа. 
 
Би нэг зүйл дээр сэтгэл эмзэглэж явдаг боллоо. Нас барсан хүмүүст төрийн дээд гавьяа шагналыг нэхэн олгож болдог юм байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч маань “Хонх”-ны Цогтсайханд төрийн дээд шагнал нэхэн олгоод, хөшөө дурсгалыг нь босголоо. Би үүнтэй санал нэг байгаа. Тэгвэл С.Зоригт “Улсын баатар” гэдэг алдар цолыг нэхэн олгоогүй хэрнээ Э.Бат-Үүлд яагаад олгочихов оо?.
 
Э.Бат-Үүл гэдэг хүн чинь монгол төрийн энэ хүндтэй гавьяа шагналыг дааж явах хүн байж уу, үгүй юу гэдэгт хүмүүс эргэлзэх болоод байгаа. Ардчилсан хувьсгалын тэр олон алдар гавьяатнууд байхад, очиж очиж С.Зоригийн орон доороос цагаан малгай нь гараад, урьдчилан хорих төвд саатуулагдан шалгагдаж байсан Э.Бат-Үүл “Улсын баатар” болчихдог нь ямар учиртай юм?
 
Ер нь тэр С.Зоригийг хөнөөсөн хэргийн хавтаст материал одоо бүрэн бүтнээрээ бий юу, аль эсвэл устгагдсан уу? Ийм ноцтой аллага хуучирч мартагдах ёсгүй гэж олон түмэн яриад, бичээд л байгаа шүү дээ. Э.Бат-Үүл гэдэг хүн чинь хотын дарга болоод ийнхүү болчимгүй загнаж байгаа юм чинь, үүнээс илүү эрх мэдэлд хүрсэн бол юу ч хийж мэдэх хүн юм гэж бид бүгдээрээ ойлгох боллоо.
 
Ганц баримт авахад: “Хогийн ногоон уутыг Монголын 5 компани хийж олон хүнийг ажилтай болгон, буянтай үйлс бүтээж байгаа” бололтой рекламдаад байгаа биз дээ. Тэгвэл тэр уутыг чинь Хятадаас нэгийг нь 38 төгрөгөөр авчраад байгууллагад 90-95 төгрөгөөр шахдаг нь Гаалийн ерөнхий газрын даргын мэдэгдлээр тогтоогдсон. 
 
Тэгвэл жил болгон хогийн уутанд хэмээн төлөвлөж авдаг олон тэрбум төгрөг хэний халаасанд орчихов оо?! Шалгах ёстой биш үү. Ийм баримт олон бий. Бид чинь ийм л худалч, хувиа бодсон даргаар гурван жил тархиа, бараг л яснаас нь гаргаад угаалгалаа шүү дээ.
 
Монголд “Улсын баатар” болчихоор хүн мөн ч олон бий дээ. Талийгчдаас Монголын ардчилсан хувьсгалын загалмайлсан эцэг гэгддэг С.Зориг, амьд сэрүүн байгаагаас ардчилсан хувьсгалын үзэл баримтлалыг боловсруулалцаж анхнаас нь хамт замчилж явсан доктор П.Нэргүй, анхны жагсаал цуглаан бүхний тэргүүн эгнээнд төрийн далбаагаараа даллаж явсан “оюутан” Дарь.Сүхбаатар…гээд олон хүнийг нэрлэж болно. 
 
Нэг харсан чинь Эрдэнийн Бат-Үүл гэгч ийм болчимгүй хүнд “Сүхбаатарын одон”, алтан таван хошуу медаль зүүж өгөөд, хотын даргын сэнтийд залчихсан байдаг. Та бүхэн өнөөдөр хэн бэ? гэдгийг сайн ажиглаж байгаа биз?!
 
Өнөөдөр биш юмаа гэхэд маргааш, байдал их л өөрөөр эргэнэ дээ. Э.Бат-Үүл, Д.Баттулга хоёр явна аа. Харамсалтай нь “Улсын баатар”-ын далбаан доор дарамтлуулж дэндүү олон хүн хохирсон байж таарна. Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоог олон жил толгойлсон төр нийгмийн нэрт зүтгэлтэн А.Дашнамжил агсныхаа үгийг санаж байна. “Муу хүмүүст их эрх мэдэл эдлүүлж болдоггүй юм. Тэгвэл дарангуйлал үүсч, хэлмэгдэл нөмөрдөг” гэж.
 
 
Г.ЖАМЪЯН /Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн/