sonin.mn
МАН, АН-д гишүүн байсан, барууны өндөр хөгжилтэй орнуудад дээд боловсрол эзэмшсэн С.Боргил, Т.Бат-Оргил, Н.Одонгуа, Д.Гантулга, Б.Найдалаа нарын хэсэг залуус Хөдөлмөрийн Үндэсний Намд орж, шинээр зохион байгуулж удирдан, улс төрийн үйл ажиллагаа явуулах болсоор багахан хугацаа өнгөрч байна. Гэсэн хэдий ч тус намыг дэмжигчдийн тоо өдрөөс өдөрт өсч байгаа бөгөөд шинэ тутам байгуулагдсан нам  богино хугацаанд олны дэмжлэг хүлээж буйгаараа Эх Орон-МАШСН-ын анх байгуулагдаж байсан цаг үеийг санагдуулам байгааг улс төрийн хүрээнийхэн дүгнэж буй юм.
 
Хөдөлмөрийн Үндэсний Нам буюу ХҮН-ийг УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг намдаа элсүүлэн, хамтран ажиллах сонирхолтой хэмээн улс төрчид дүгнэж байсан нь ч батлагдаж буй гэх агаад  тус намынхан нь үүнийг бараг үгүйсгэхээ больсон байна.  
 
ХҮН-ий анхны улс төрийн томоохон акци ч УИХ-ын гишүүн С.Ганбаатарын бодлоготой уялдаатай ажээ.
 
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажил ажлаа өндөрлөж, төслөө бэлэн болгосныг уг  ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Батбаяр мэдэгдсэн билээ. МАН, АН-ы удирдлагын түвшинд нэгэнт тохиролцсон уг хувилбарыг УИХ-ын гишүүн С.Ганбаатар эрс эсэргүүцэж буйгаа олон нийтэд мэдэгдсэн. Тэгвэл ХҮН ирэх Баасан гарагт буюу 26-нд "Үндсэн хууль-Үндэсний зөвшилцөл" нэртэй Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн тайван цуглаан хийх гэж байна.
 
ХҮН-ий Удирдах Зөвлөлийн Гишүүн Т.Бат-Оргил энэ тухай: 
"Үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлтөөс энэ төрийн нүүр царай харагддаг. Хууль хэлэлцэх гэхээр ирц нь бүрддэггүй учир хуралд оролцох гишүүдийн тоог багасгасан. Гучин хэдүүлээ хуралдаад л хорь хүрэхтэй үгүйтэй хүний саналаар Монгол Улсын хуулиуд батлагдаж байна. 76 гишүүний талын тал нь бидний хувь заяаг шийдчихэж байгаа хэрэг. Их хурлын гишүүн Засгийн газрын гишүүн байна гээд энэ чухал хоёр ажлыг цалгардуулаад зогсохгүй, ашиг сонирхлын асар том зөрчлийг бий болгон, хэсэг хүмүүс өөрт тааруулан хууль эсгэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн юм.
1992 онд ард түмнээрээ хэлэлцүүлж, Ардын Их Хурал, Бага Хурал нийлж 400 гаруй депутат энэ Үндсэн хуулийг баталсан. Тэр үед нийт 1,2 сая сонгогч байснаас 900 мянган сонгогчоос саналыг нь авч 200,000 санал бичгээр ирүүлсэн байдаг юм билээ. Хэд хэдэн ажлын хэсгүүд томилогдон, улсын урдаа барьдаг хуульч, эрдэмтэд хэдэн сарын турш нойр хоолгүй хөдөлмөрлөж байж энэ хуулийг эх барьсан юм. Гэтэл одоо УИХ-ын 52-хон “ухаантан” үг нийлж энэ “тэнэг” Үндсэн хуулийг сонгуулиас өмнө амжуулж өөрчлөх юм байх.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж бололгүй яах вэ. Гэхдээ энэ хүмүүсээр гэж үү? Хоорондоо элдэв сэжиг бүхий холбоо сүлбээтэй тэдэнд биднийг удирдах ямарваа ёс суртахууны эрх үлдсэн гэж үү? Тарьсан хор балаг нь багадлаа юу? Үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлтийг энэ хэдэн наймаачид л өөрсдийгөө “хоосон онолдлохгүй, амьдрал мэддэг” хэмээн Цэцийн хоригийг давж, хүч түрэн оруулсан. Тэрний үр дүн нь өнөөгийн энэ нийгэм, эдийн засгийн гамшигт байдал. Амташсан хар хэрээ долоо эргэнэ гэдэг шиг, эд нар Үндсэн хуульд дахиад өөрчлөлт оруулах юм гэнэ. Хараад л суух уу, найзуудаа?
БИД гэдсээ дуугуй хүүлүүлээд тэнгэр харан хэвтэх хонь биш гэдгээ сануулах гэж Тусгаар тогтнолын (Тэнгис кино театрын дэргэдэх) талбай дээр энэ Баасан гарагийн 12 цагаас цуглах гэж байна. Харин ЧИ ирэх үү? Цаг гарга, амж, найз минь! Цааш хэл хүргэ! Үндсэн хуулийг чинь чамаас асуулгүй орвонгоор нь өөрчлөх гэж байна шүү дээ! " хэмээн өгүүлжээ. 
 
 
Юутай ч Монголд хамгийн өндөр рейтингтэй байгаа улс төрч-  УИХ-ын гишүүн С.Ганбаатартай холбоотой гэх улс төрийн отгон нам Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа аж.
 
Э.Мягмардорж