sonin.mn
Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүулгийг хийж, хуралдаанд оролцсон 47 гишүүний 33 нь зөвшөөрснөөр уг хууль батлагдсан юм. Ингэснээр иргэд архи, тамхи худалдан авсан тохиолдолд нэг хувийн татвар төлнө. Мөн зочид буудал, амралтын газар, ресторанаар үйлчлүүлбэл нэг хувийн татвар ногдуулахаар болж буй юм. 
 
Ер нь Монгол Улсын дөрвөн ч хуулинд нийслэл хот татвартай байж болно гэсэн асуудлыг тусгасан байдаг. Тухайлбал, нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хуульд “Нийслэл хот бие даасан төсөвтэй байна”, “Нийслэл хот татвартай байна, татварыг хуулиар тогтооно” гэж заасан байдаг бол Татварын ерөнхий хуулиар нийслэл хотын албан татвар нь орон нутгийн татварт хамаарахаар тус тус заасан боловч өнөөдрийг хүртэл нийслэл өөрийн гэсэн татвартай болоогүй байв. 
 
Энэ хуулийн төслийг анх нийслэлийн удирдлагууд 2015 оны төсвийн тодотголтой хамт УИХ-д өргөн мэдүүлээд байсан билээ. Ямартаа ч нийслэл хот өөрийн гэсэн татвартай болсноор жилдээ 40 орчим тэрбум төгрөгийг нийслэлийн иргэн, аж ахуйн нэгжийн татвараас төвлөрүүлэх тооцоо гараад байгаа юм. Ямартаа ч нийслэл хот татвартай болох асуудал УИХ-аар эцэслэн шийдэгдлээ. 
 
Тэгэхээр нийслэл татвартай болсноор ямар давуу тал бий болох вэ гэдэг асуулт гарна. Юуны түрүүнд хот руу нүүх иргэдийн цуваа харьцангуй багасна гэдгийг хэлэх хэрэгтэй. Яг үнэндээ өнөөдөр Улаанбаатар хот маань ачааллаа дааж ядан байгаа гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Тиймээс замын түгжрэл, хүн амын хэт төвлөрөл зэрэг нь хотод тулгамдсан олон асуудлыг үүсгэдэг. 
 
Эдийн засгийн чадамжийнхаа хувьд ч гэсэн дүүрэг, хороонд шийдвэрлэх наад захын асуудлууд аймаг, сумынхаас хол илүү. Тэгэхээр нийслэлийн татвараас төвлөрүүлсэн орлогоор эргээд дэд бүтэц, бүтээн байгуулалтын олон ажлыг өрнүүлэх нь гарцаагүй. Тухайлбал, өнөөгийн нөхцөлд барилга барилаа гэхэд хангалттай дулаан, цахилгааны шугам сүлжээ хүрэлцэхгүй байгаа. Нийслэл татвартай болсноор энэ мэт тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг хотын дарга энэ хуулийн хэлэлцүүлгийн үеэр учирлаж байсан. 
 
Мөн хамгийн гол нь нийслэлийн татварыг авах эрх зүйн орчныг бий болгосноор “Иргэд, аж ахуйн нэгжээсээ татвар аваад, эргээд өөрсдөд нь зориулдаггүй муу жишиг тогтсон. Үүнээс болж татвар гэхээр дарамт гэж ойлгодог болсон. Нийслэлийн татварын хувьд ямар ч байсан эргээд 100 хувь аж ахуйн нэгжүүд, иргэддээ зориулагдах болно. Иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах, аж ахуйн нэгжүүдийн бизнес эрхлэх орчин, нөхцөлийг сайжруулж, дэд бүтцийг бий болгоход нийслэлийн татварын орлого зарцуулагдах болно” гэдгийг хотын дарга мэдэгдээд байгаа. 
 
Ямартаа ч өнөөдөр нийслэлд тулгамдсан асуудал болох утаа тортог, хальтиргаа гулгаа, гэрэлтүүлэг, цэвэр бохир шугам, цахилгааны шугам сүлжээ гээд асуудлуудыг дурьдаж болно. Энэ бүгдийг шийдэхэд зарцуулагдах нийслэлтийн татвартай болж байвал сайхан хэрэг. Харин татвар авч байгаа хэр нь эргээд зарцуулалт нь үр дүнгүй, эсвэл нийслэлийн татвар юунд зарцуулагдсан нь ойлгомжгүй байвал нийслэлийн удирдлагуудтай хариуцлагын асуудал ярьж болох байх.
 
Татвар юунд ногдуулах вэ ? 
 
-Бүх төрлийн согтууруулах ундаа
-Бүх төрлийн тамхи 
-Татвар төлөгчийн худалдан авсан дараахь үйлчилгээнд нийслэл хотын албан татвар ногдуулна
 
-Зочид буудлын үйлчилгээ 
-Амралтын газрын үйлчилгээ 
-Рестораны үйлчилгээ 
-Баарны үйлчилгээ 
 
Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан, 0-1.0 хувийн хязгаарт багтаан нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлах аж. Албан татвар суутгагч нь нийслэл хотын албан татварыг ногдуулахдаа борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд бусад албан татвар, төлбөр, хураамжийг оруулан тооцохгүй юм байна.
 
Түүнчлэн татвар авах хэмжээ нь нийслэлийн байршил бүрт өөр байна.Тухайлбал, хотын захын дүүргүүдэд амьжиргаа доогуур иргэд амьдардаг учраас хотын төвийнхөн болон хоёр гүүрийн цаадах иргэд ноогдох татвар нь арай бага аж. Гэхдээ үүнийг хотын захиргаа тогтооно.
 
Ер нь дэлхийн ихэнх улс оронд оршин суугчийн, иргэний гэсэн татварууд байдаг. Энэ татварынхаа үрээр тухайн нутаг дэвсгэр хөгжиж, хүн амын тэнцвэржилт, зөв хот төлөвлөлт бий болдог туршлагууд бий. Нийслэл хотын тухайд хэт төвлөрлийг сааруулах хамгийн энгийн бөгөөд зөв зүйтэй арга нь энэ байж болох юм. Үүний тулд тухайн иргэний оршин сууж буй нутаг дэвсгэрээс хамаараад татварын хувь хэмжээг тогтоох нь зүйтэй. 
 
Жишээлбэл, нийслэл хотыг нийтдээ таван бүсэд хуваасан байдаг. Тэдгээр таван бүс дундаас мэдээжийн хэрэг хэт төвлөрөл үүссэн бүс бол нэг хоёрдугаар бүсүүд. Энэ бүсүүдэд татварын хэмжээг арай илүү хэмжээгээр тогтооход гэмгүй. Ингэснээр хотын төв хэсэгт төвлөрөх нь багасч бусад зах зайдуу бүс нутгуудаар иргэд суурьших үүдийг нээж өгөх юм. Харин үлдсэн гурав, дөрөв, тавдугаар бүс нутгуудад тус тусын газар нутагт нь тохируулан татварын хувь хэмжээг тогтоох нь зүйтэй байх болов уу.
 
Өнгөрсөн жил татварын квотыг цалингийн доод хэмжээний 20 хувиас дээшгүй байхаар яригдаж байсан. Хэрэв ингэж үзвэл нийслэлийн иргэн та хамгийн ихдээ 21600 төгрөгийг нэг жилд нийслэлийн татвартаа төлөх болж байгаа юм. Энэхүү тоог 12 сардаа хуваан үзвэл та сард ердөө 1800-хан төгрөг төлөхөд л хангалттай гэсэн үг. Ийм хэмжээний татварыг хэн ч төлчихөд чадах тул хотын хэт төвлөрлийг сааруулъя гэвэл нэг болон хоёрдугаар бүс нутгийн татварын хувь хэмжээг үүнээс дээгүүр тогтоох нь зүйтэй болов уу. 
 
Харин гуравдугаар бүс нутгуудад энэ хэмжээний татвар ногдуулахад болохгүй зүйл үгүй. Цааш дөрөв болон тавдугаар бүс гэдэг бол ихэвчлэн алслагдмал нутаг дэвсгэрүүд байдаг тул эдгээрт маш бага хэмжээгээр, бүр огт татваргүй ч байж болно. Энэ үед нь төр засаг бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийг зах зайдуу бүс нутгуудад нь хүргэж, иргэдээ татах нь чухал. Энэ мэт нийслэлийн иргэний татварын талаар маш нарийвчлан судалж, тогтоох үүрэг нь одоо нийслэлийн ИТХ-д үлдлээ. 
 
Хэрэв үүнийг шийдвэрлэж чадвал дараачийн алхмууд бий болно. Тэр бол хэт төвлөрөл саарч, нийт нутаг дэвсгэрээр иргэд тархан суурьшиж, улмаар иргэдээ дагаад дэд бүтэц, бүтээн байгуулалт хөгжсөний дараа хийх алхам юм. Хэдий хол санагдах боловч бодоход илүүдэхгүй. Нийслэлийн иргэд нэгэн жигд тархан суурьшиж, аль ч нутаг дэвсгэрт ялгаагүй дэд бүтэц, бүтээн байгуулалт, хөгжил дэвшил нэг түвшинд очсоны дараагаар татварын хувь хэмжээг дахин эргэж харах боломж бий.
 
Түүнээс гадна иргэний татварын мөнгө тухайн татвар төлөгч иргэний нутаг дэвсгэрийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтанд зарцуулагдаж байх нь чухал. Аль хот суурингийн иргэд татвараа идэвхитэй төлж бүрдүүлж чадна тухайн нутаг дэвсгэрт дэд бүтэц, бүтээн байгуулалт тэр хэрээр хөгжиж дэвшинэ. Татвараа бүрдүүлж чадахгүй хот суурингууд та бидний хэлдэгчилэн хотын хөдөө байсаар л байх болно. 
 
Нэг үгээр тухайн нутаг дэвсгэрийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалт иргэн бүрийн татвараа хэр идэвхитэй төлөхөөс хамаарна гэсэн үг юм. Энэ бол дэлхийн ихэнх улс оронд баримталдаг зарчим.
 
О.Ууганжаргал
Эх сурвалж: