sonin.mn
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээн Занабазар:Амьдрал, өв” сэдэвт  эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Төрийн ордны Их танхимд боллоо.
 
Уг хуралд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, ЕТГ-ын дарга П.Цагаан, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үндэсний хорооны гишүүн Я.Содбаатар болон ШУА-ын Ерөнхийлөгч Б.Энхтүвшин нар оролцлоо. Түүнчлэн түүхийн ухааны эрдэмтэн судлаачид, лам хуваргууд болон холбогдох төрийн болон ТББ-ын төлөөлөл, ОХУ-ын эрдэмтэн судлаачдын 600 гаруй төлөөлөл оролцов.
 
Хурлыг нээж ШУА-ын Ерөнхийлөгч Б.Энхтүвшин үг хэлэв. Тэрбээр, “Өндөр гэгээнтэн 1635 оны насан төгөлдөр хэмээх хөхөгчин гахай жил мэндэлж, нүүдлийн соёл иргэншлийн өлгий, Монгол төр ёсны уламжлалын голомт Орхоны хөндий, Хархорум, Хэнтий хан, Хан Богд уулсын уудам нутагт нутаглаж байлаа. Өндөр гэгээнтнийг 5 настай байхад Монголын бурханы шашны тэргүүн, Жавзандарнатын хувилсан дүр, анхдугаар Богд гэгээнээр тодруулсан билээ. Өнөөдрийн хурлаас эхлэн Өндөр гэгээнтний амьдрал, өвийн судлал олон улсын түвшинд хүрэх боломж бүрдэж байна. Цаашид Өндөр гэгээн судлалыг өргөтгөх, дэлхийд тархсан өв соёлыг нь нэгдсэн бүртгэлжүүлэх, олон улсын архивуудад байгаа эх хэрэглэгдэхүүнийг хуулбарлан авах зэрэг аливаа ажилд ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн идэвхтэй хамтран ажиллах болно” гэлээ.
 
Мөн УИХ-ын дарга З.Энхболд, “Өндөр гэгээн Занабазар Монголд шарын шашныг үндэслэн идээшүүлсэн төдийгүй дорно дахины сонгодог урлагийн гоц гойд авъяас билэгт төлөөлөгч, нэрт соён гэгээрүүлэгч, Монгол төдийгүй Азийн орнуудад мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн улс төрийн зүтгэлтэн байсан юм. Өндөр гэгээн Занабазар буддын шашны үзэл санаа, сэтгэлгээг уламжлалт монгол иргэншил, ахуй амьдралын салаа мөчир бүрт идээшлүүлэн шингээж, монголчуудын нүүдэллэн аж төрөх хэв маяг, соёл, зан заншилд бүрнээ нийцэн зохицсон өөрийн гэсэн өвөрмөц өнгө аяс, дүр төрх бүхий Монголын бурхны шашныг бий болгож төлөвшүүлсэн юм. Их гэгээнтэн бурхны шашны төвлөрсөн хэд хэдэн том сүм хийдийг уран барилгын өөрийн дэг жаяг, инженерчлэлийн тооцоон дээр үндэслэн байгуулсан байдаг. Үүний нэг нь Монгол Улсын нийслэлийн гал голомтыг бадраасан Сарьдагийн хийд буюу Төгс баясгалант номын их хүрээ юм. Өндөр гэгээн Занабазар бээр Леонардо да Винчи, Рембрандтын уран зургаас үл дутах Очир Дара бурхан, язгуурын таван бурхан зэргийг урлан бүтээсэн Дорно дахины дүрслэх урлагийн агуу их мастер байлаа. Түүний бүтээлийг өрнө дорнын соёлт орнуудад үнэлэн, дэлхий дахины хэмжээний соёл урлагийн ховор нандин дурсгалд оруулж бүртгэн ЮНЕСКО хамгаалалтандаа авсан. Үүний үр дүнд их уран бүтээлчийн өөрийн гэсэн ур хийц, бүтээсэн технологи, Монголын төдийгүй дэлхий дахины соёлын хосгүй үнэт өв болон үлдсэн юм.
 
Өндөр гэгээн Занабазар бол олон үеийн турш Монголын тусгаар тогтнол, төр эрхэмсэг байхын бэлгэдэл, Монголчуудын нэрийн хуудас болж ирсэн “Соёмбо” үсгийг бүтээсэн юм. Энэхүү "Соёмбо" монголчууд туурга тусгаар, төрийн бүрэн эрхт байдлаа хадгалж байгаа цагт төрийн далбаан дээр өнө мөнхөд орших болно” гэжээ.
 
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг ЕТГ-ын дарга П.Цагаан уншиж сонордуулав.
 
Ерөнхийлөгчийн илгээлтэд “Монголчууд бидний авъяас билэг төгс, хосгүй нэгэн хутагт, олноо “Өндөр гэгээн” хэмээн алдаршсан Занабазар Богдын сэнтийд өргөмжлөгдөж, өөрийн орноо бурхан шашны номыг түгээн дэлгэрүүлж, өнөөгийн Нийслэл хотын их үндсийг тавьж, дэлхийд гайхагдсан сонгодог урлагийн бүтээлд зүй ёсоор тооцогдох давтагдашгүй бүтээлүүдээ туурвин, Соёмбо үсэг, эе эв, гүн ухааны бодрол бясалгалын олон ном судар зохиож, монгол зураг, уран баримал, бүхэл бүтэн дэг сургууль үндэслэсэн хосгүй авъяс билэгтэн хүмүүн байв. Тэрээр билэг төгс авъяастнаас гадна байгаль эх дэлхийгээ танин мэдэх, хайрлан хамгаалахад онцгой анхаардаг гавъяатан байсан.
 
Монголын шашин номын тэргүүн, оюун билгийн гайхамшиг, нэрт соён гэгээрүүлэгч энэ хүмүүний амьдрал, түүний бүтээсэн өв судлал Монголд төдийгүй эдүгээ олон улсын судлал болсон байна. Түүний амьдрал уран бүтээлтэй холбоотой мартериалуудыг монгол, төвд, манж, орос, хятад зэрэг хэлнээс хөрвүүлж, нийтийн хүртээл болгох, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулахад өнөөдрийн Та бүхний зохион байгуулж байгаа эрдэм шинжилгээний хурал жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Өндөр гэгээн судлал цаашид улам өргөжин гүнзгийрэхэд манай залуу үе, монголч эрдэмтэн судлаачид чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэжээ.
 
Үндсэн хуралдаанаар "Өндөр гэгээн Занабазарын улс төр, нийгмийн үйл ажиллагааг шинээр авч үзэх нь", "Өндөр гэгээн Занабазар ба Оросын харилцаа: элчин, баримт, судалгаа", "ОХУ-ын Эрмитажийн цуглуулгад буй Монголын буддын шашинтай холбоотой уран баримал ба уран зураг", "Өндөр гэгээний хувилгаан урлал", "Соёмбо дөрвөлжин үсгийн судлалын зарим асуудал" зэрэг үндсэн илтгэл тавьсан. Одоо салбар  хуралдаануудаар үргэлжилж байна.
 
УИХ-ын гишүүн, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үндэсний хорооны гишүүн Я.Содбаатар энэ үеэр хэлэхдээ, Монгол Улсын төрөөс эх хүмүүний ойг тэмдэглэн өнгөрүүлэх үндэсний хороо байгуулан ажиллаж байна. Ойн хүрээнд олон ажлыг зохион байгуулж байгаагийн нэг томоохон ажил бол өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал юм. ”Занабазарын амьдрал, өв” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй уг хуралд зургаан улсын 14 эрдэмтэн, Монголын 20 гаруй эрдэмтэн оролцож судалгааны шинэ ололт, үр дүнг олон нийтэд танилцуулах, шинэ эргэлтэд оруулах чиглэлээр илтгэлг тавьж байна. Занабазар судлал олон улсын тавцанд эрдэмтэн мэргэд, судлаачдын анхаарлыг ихэд татах болсон. Энэ утгаараа Занабазар судлал нилээд өргөжин тэлж байна гэдгийг онцоллоо.
 
Ч.Ариунболд
 
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх сурвалж: "Монцамэ"