sonin.mn
УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулав. Хэлэлцэх асуудлын товтой холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Дубайн төлөвлөгөөнд Сангийн сайд гарын үсэг зурж баталгаажуулна гэсэн асуудлыг үдээс хойшхи хуралдаанаар тодотгож ярих цаг гаргаж болох уу. Тус баримт бичигт гарын үсэг зураагүйгээс арбитрын шүүхэд очих хүртлээ асуудал хүндэрчих юм биз дээ. Дээрээс нь 2,1 тэрбумын хөрөнгө оруулалтыг бид хүлээн зөвшөөрчихсөн. Мөд чуулган засварлана. Ингэж хугацаа алдсаар байтал Ерөнхий сайд нь худлаа амалсан болж, олон улсад нэр хүндээ бүр алдах юм биш биз” гэсэн санал гаргасан. Үүний хариуд УИХ-ын дэд дарга М.Энхболд, “Чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулсан. Нэмж мэдээлэл авна гэвэл УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцүүлж, ирэх 7 хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж болно. Ер нь өнгөрсөн 7 хоногт Ерөнхий сайд энэ талаар мэдээлэл хийсэн шүү дээ” гэсэн хариултыг өгөв. Үүнээс өөр ямар нэг санал гараагүй тул Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн санал хураалтыг явууллаа. Уг хуулийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг өчигдрийн хуралдаанаар хийсэн тул санал хураалт явуулсан юм. Гишүүдийн дийлэнх нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 
 
 
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг