sonin.mn
ЦЮРИХ. /ВВС/. Авлигатай холбооны дуулиан шуугианы улмаас улс төрийн шахалт нэмэгдэж буй энэ үед дэлхийн хөл бөмбөгийн холбоо буюу ФИФА-гийн ерөнхийлөгч Сепп Блаттер холбооныхоо ээлжит бус уулзалтыг даргаллаа.
АНУ-ын прокуроруудын хүсэлтээр Швейцарийн цагдаа нар энэ долоо хоногийн лхагва гарагт Цюрих хотын нэгэн зочид буудлаас ФИФА-гийн нөлөө бүхий долоон албан тушаалтныг баривчилсан юм.
 
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон ФИФА-гийн тэргүүн Блаттерт огцрохыг уриалсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүнийг тав дахиа дэлхийн хөл бөмбөгийн холбооны тэргүүнээр сонгохыг дэмжиж байна.
 
Блаттер ээлжит бус уулзатын үеэр “Би огцрохгүй” гэж мэдэгджээ.
 
Энэ баасан гарагт ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгууль болох бөгөөд энэ сонгуулийг эсэргүүцнэ гэж сүрдүүлж байсан Европын хөл бөмбөгийн холбоо буюу УЕФА оролцохоо мэдэгдсэн байна.
 
УЕФА-гийн тэргүүн Мишель Платини Цюрихт болсон уг уулзалтын үеэр Блаттераас огцрохыг шаарджээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг