sonin.mn
ВАШИНГТОН. /NHK/. Дэлхий дахины хөл бөмбөгийн бизнесийн авлигын хэргийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд баривчилсан Дэлхийн хөл бөмбөгийн холбооны албаны хүмүүсийг шилжүүлэн өгөх ажиллагааг яаравчлахаа АНУ-ын шүүх хяналтын байгууллагын эрх баригчид мэдэгдлээ.
Хээл хахууль авсан хэрэгт холбогдсон хөл бөмбөгийн холбооны есөн хүнийг баривчилсны дунд ФИФА-гийн дэд ерөнхийлөгч байсан хоёр хүн байна гэж АНУ-ын Хууль зүйн яам мэдэгджээ.
 
АНУ болон Аргентины спортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн таван гүйцэтгэх захирлыг тус яам залилан, хээл хахууль өгсөн хэргээр баривчилсан байна.
 
Дээрх баривчлагдсан есөн хүн өнгөрсөн 24 жилийн хугацаанд 150 сая долларын хээл хахууль авахыг оролдсон эсвэл авсан хэрэгт сэжиглэгдэж байна.
 
АНУ-ын ерөнхий прокурор Лоретта Линч болон Холбооны тагнан мөрдөх товчооны дарга Жэймс Комей нар, шүүгдэгчид Дэлхийн цомын төлөө тэмцээнийг зохион байгуулагч орнуудыг сонгох, ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгууль болон тэмцээнийг ивээн тэтгэх, тэмцээнийг олон нийтэд цацах эрх зэрэгтэй холбоотой ажлыг гүйцэтгэж авлига авч байсан хэрэгт сэжиглэгдэж байна гэж мэдэгдэв.
 
"Шүүгдэгчид өөрийн хүсэл сонирхлоо гүйцэлдүүлж, баяжихын төлөө дэлхийн хөл бөмбөгийн спортыг авлигад автууллаа. АНУ-ын Хууль зүйн яам энэ хэргийг таслан зогсоож, үндсээр устгах болно" гэж Линч мэдэгдэв.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг