sonin.mn
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өнөөдөр /2015.05.28/ өргөн барилаа.
 
Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010 онд батлагдсанаар Төсвийн тогтворжуулалтын санг байгуулж, 2011 оны 2 дугаар сараас эхлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу жил бүр хуримтлал үүсгэн ажиллаж байна. Төсвийн тогтворжуулалтын санд одоогийн байдлаар нийт 310 гаруй тэрбум төгрөг хуримтлагдаад байгаа бөгөөд Монголбанкин дахь төрийн сангийн тусгай дансанд байршиж байна. Төсвийн тогтворжуулалтын сангийн нөөцийн удирдлагыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монголбанк хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр Монголбанк хэрэгжүүлэхээр хуульд заасан боловч уг сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үр ашигтай удирдах арга хэмжээг одоог хүртэл авч хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл Монголбанкинд сангийн хөрөнгийг байршуулахад хүү төлөгдөхгүй байгаа бөгөөд санд хуримтлагдсан хөрөнгийн бодит үнэ цэнэ жил бүр инфляцын түвшнээр буурч байна. Тиймээс Засгийн газрын мөнгөн хөрөнгийн хөрвөх чадварыг сайжруулах,Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг богино хугацааны санхүүгийн хэрэгслийг ашиглан нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулсан байна.
 
Хуулийн төсөл батлагдсанаар Тогтворжуулалтын сангийн хөрөнгө төрийн сангийн нэгдсэн дансны тусгай дансанд байрших бөгөөд сангийн санхүүгийн нөөцийн удирдлагыг Сангийн яам бүрэн хариуцаж, сангийн хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм
        Хүн амын хэт төвлөрлийг сааруулах, дагуул хот суурин бий болгож, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг тэлэх сууршлийн бүсүүдийг шинээр бий болгох шаардлага гарчээ. Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан, нийгэм эдийн засгийн хөгжилд үр дүнтэй нөлөө үзүүлэх олон улсын чанартай дэд бүтцийн бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шинэ сууршлийн бүс бий болгох хэрэгцээ шаардлагаас үүдэн зарим газрыг тусгай хэрэгцээнд авах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.