sonin.mn
Өнгөрсөн оны 7-р сард УИХ-ын Хаврын чуулганы хаалтын хуралдаан болсон өдөр  Цагаан суваргын ордод төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан билээ. Уг нь тогтоолын төсөлд төр цагаан суваргын ордод 34 хувийг эзэмшинэ гэж заасан байсан ч хэлэлцүүлгийн явцад төрийн хувь, эзэмшил байх шаардлагагүй гэж үзэн, шийдвэр гаргасан юм.
Үүнийг хууль бус гэж үзэн УИХ-ын дэд дарга Л.Цог иргэний хувьд Үндсэн хуулийн Цэцэд хандсан.Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч иргэн Л.Цогийн гаргасан мэдээллийн дагуу Улсын Их Хурлын 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” 54 дүгээр тотгоол Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8/ дахь заалтад “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах;” гэж заасныг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн байна. Цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат оролцжээ.
 
 
 
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас “Цагаан суварга”-ын ордод улсын төсвийн хөрөнгөөс зарцуулсан нийт хөрөнгийг Засгийн газраас 1997 онд баталсан аргачлалаар тооцон “Монголын Алт” ХХК төрд нөхөн төлсөн болох нь Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх газар болон “Монголын Алт” ХХК хооронд байгуулсан 2005 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн Улсын төсвөөс хайгуулын ажилд гаргасан зардлыг нөхөн төлөх тухай №ХАЗ/2005/06/149 дугаар гэрээ, “Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн геологи хайгуулын ажлын зардал нөхөн төлөх гэрээ дүгнэсэн тухай акт”-аар нотлогдож байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно. Уг гэрээгээр тогтоосон төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигг малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” 54 дүгээр тогтоолд “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан Монгол Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарч байна. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзэн 07 дугаар дүгнэлт гаргасан байх бөгөөд уг шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр тогтоол нь Үндсэн хуульд нийцсэн Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтад үндэслэсэн байна гэж үзжээ.
 
Үүнтэй холбоотой УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Цагаан суваргын ордын асуудлаар УИХ-ын гаргасан шийдвэр Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 
" УИХ ард түмний өмчийг Б.Нямтайшир, Н.Номтойбаяр хоёрт өгөх шийдвэрийг гаргасан. Та хоёрт аз, жаргал хүсье. Идээд цадаарай. Монголын баялгаар бага тоглоорой гэж хэлье. Нямтайшир сайн хүн байж болно. Гэхдээ нэг хүн, нэг компанид төрийн ордыг өгдөггүй юм. Ийм төртэй байж болохгүй. Улстөрчдийн моорог болсон Н.Жанцан, н.Амарсанаа нарыг зайлуулах цаг болсон. Болж, бүтэхгүй зүйлийг Үндсэн хуулийн цэц засч залруулж явах ёстой. Гэтэл Үндсэн хуулийн цэц Х.Тэмүүжин сайдын хэлснээр моорог болчихож. Цагаан суваргын ордоо хэдхэн төгрөгөөр үнэлээд цөөхөн хүнд өгдөг болсон байна. Одоо үүнийг залруулах нэг л арга байна. УИХ шийдэрээ хүчингүй болгох. Миний бие уг шийдвэрийг хүчингүй болгохоор ажиллана. УИХ-д ухаантай хүмүүс байгаа. Үндсэн хуулийн цэц дотор ч эрүүл ухаантай хүн байгаа байх. Газрын доод баялаг ард түмний өмч юм байна. Ард түмний өмчийг ингэж хувийн компанид өгч болохгүй. Улс энэ ордыг илрүүлэх гэж 8 жил хайгуул хийсэн", УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: "Стратегийн ордуудын хайгуулыг улс хийчихээд 51 хувийг хувийн аж, ахуй нэгжүүдэд өгдөг шинэ загварыг энэ шийдвэрээр гаргалаа гэж ойлгож байна" гэв.
 
Ийнхүү уг асуудал эцэслэн шийдэгдэж, "МАК" группийн ТУЗ-ын дарга Б.Нямтайшир, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын гэр бүл  улсын төсвийн мөнгөөр 8 жил хайгуул хийсэн Цагаан Суваргын ордыг бүхэлд нь эзэмшиж эхэллээ.
 
Э.Мягмардорж