sonin.mn
 2005 оноос эхлэн Улаанбаатар хот болон түүний орчмын бүс нутагт болж буй газар хөдлөлтийн тоо огцом өсч, сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 7427  удаа газар хөдөлжээ. Энэ тухай “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах байнгын ажиллагаатай салбар зөвлөл”-ийн анхдугаар хурлын үеэр тодотголоо.
Зөвлөлийн даргаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, гишүүдээр нийслэлийн Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг дарга, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагуудын дарга нарыг оролцуулсан 31 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.Тус ажлын хэсэг нь газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, бэлтгэл бэлэн байдлыг хангах төлөвлөгөөг батлуулан, биелэлтийг хангаж, онолын мэдээллийг олон нийтэд түгээх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах юм.
 
Хурлаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс Монгол Улс болон Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилтийн ерөнхий төлөв байдлын талаар танилцуулсан юм. Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. 1994-2000 онд Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийг бүртгэх өндөр мэдрэмжтэй орчин үеийн тоон бичлэгтэй 15 суурин станцыг байгуулснаар хотын эргэн тойрны 100 км радиуст газар хөдлөлтийн горим, ерөнхий төлөв байдлыг нарийвчлан судалж эхэлжээ.
 
Нийт  бүртгэгдсэн газар хөдлөлтийн статистик үзүүлэлтээс харвал бүс нутагт жилд дунджаар 80-100 орчим, үүний дотор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 10-20 орчим сул газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Ялангуяа 2012 оноос эхлэн идэвхжилт улам ихэсч,  2005 оныхтой харьцуул бал 2-5 дахин өссөн үзүүлэлттэй буюу газар хөдлөлтийн чичирхийллийн идэвхижилт буурах төлөв ажиглагдахгүй байгааг албаныхан хэллээ.
 
Мөн Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилтийн бүсэд хийсэн судалгааны үр дүнд 6 идэвхтэй хагарлыг илрүүлэн тогтоосон байна. Хэдийгээр шинжлэх ухаан хөгжиж буй ч газар хөдлөлтийг өнөөдөр, маргааш болно гэж хэлэх түвшинд хүрээгүй байгааг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдэгдлээ.
 
 Б.Заяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг