sonin.mn
“Муу зээлдэгч”. Банкнаас зээл авсан хүн муу зээлдэгчийн ангилалд багтвал санхүүгийн байгууллагаас дахин зээл авах боломжгүй гэсэн үг. Энэ талаар Монголбанкны Хяналт шалгалтын газрын зээлийн мэдээллийн санг хариуцсан хянан шалгагч Д.Төрбаттай ярилцлаа.
 
 
-Муу зээлдэгч болчих вий гэх айдас зээлдэгчдэд бий. Ер нь зээлийн мэдээллийн сангийн мэдээллийг хэрхэн бүрдүүлдэг вэ?
 
 
-Монголбанк зээлийн мэдээллийн санг анх 1996 онд өөрийн харъяанд байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлж байсан. Зээлийн мэдээллийн сан нь нэг талаас зээлдүүлэгч байгууллагуудын зээл олгох эрсдэлийг бууруулах учиртай. Цаашлаад санхүүгийн тогтвортой байдлыг хангах эерэг нөлөөтэй юм шүү дээ.  Нөгөө талаас зээлдэгчдийн санхүүгийн сахилга бат, санхүүгийн хариуцлагыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Одоогоор зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг Монголбанк эрхэлж байгаа бөгөөд 2011 онд “Зээлийн мэдээллийн тухай” хууль батлагдсан. Ингэснээр мэдээлэл солилцооны харилцаанд оролцогсдын эрх үүрэг тодорхой болж, улмаар тус сангийн үйл ажиллагааны эрх зүйн орчин боловсронгуй болсон юм. Тэгэхээр зээлийн мэдээллийн санг хэрхэн бүрдүүлэх, ямар хуулийн этгээд бүрдүүлэх  вэ гэдгийг хуульд тодорхой тусгасан. Мөн ямар мэдээллийг оруулах тухай тодорхой заасан байгаа.
Зээлийн мэдээллийн санд мэдээлэл оруулах зээлдүүлэгч байгууллагууд Монголбанктай гэрээ байгуулан мэдээллийн санд мэдээлэл авах болон нийлүүлэх эрх авдаг. Мэдээлэл нийлүүлэгч байгууллагын тоо өдөр тутам нэмэгдэж байна. Одоогоор банк, Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоо зэрэг 300 орчим байгууллага гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.  Өнөөдрийн байдлаар дээрх байгууллагууд 800 мянган харилцагчийн гурван сая гаруй зээлийн мэдээллийг тус санд нийлүүлсэн байгаа юм.
 
-Тухайн зээлдэгч өөрийнхөө мэдээллийг хаанаас асуух боломжтой вэ. Арилжааны банкнаас асуухаар Төвбанкнаас лавлах ёстой гэх юм?
 
 
-Зээлдэгч нь  харилцагч банкныхаа төвөөс буюу зээлийн мэдээлэл хариуцсан ажилтнаас лавлах боломжтой. Эсвэл харилцагч банкнаасаа мэдээллээ асууж болно. Мөн “Зээлийн мэдээллийн тухай” хуулиар тус сангийн үйл ажиллагааг хувийн аж ахуйн нэгж эрхлэж болох тухай заалт оруулсан. Түүнчлэн зээлдэгч нь жилд нэг удаа өөрийн мэдээллээ үнэ төлбөргүйгээр авах боломжтой болсон.
 
 
-Тухайлбал, иргэн Базар цалингийн зээлтэй байсан аж. Гэтэл тухайн байгууллага ажилчдынхаа цалинг 1-2 хоног хоцроодог байсан нь тухайн иргэнийг найдваргүй гэдэг ангилалд багтах шалтгаан болсон байна. Энэ нь хувь хүнээс шалтгаалаагүй нөхцөл байдал. Энэ тохиолдолд уян хатан хандах боломж бий юу?
 
 
-Зээлдүүлэгч байгууллага нь Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулах, зарцуулах журам”-ын дагуу ангилал хийх үүрэгтэй. Тус журмын дагуу зээлийг хугацааны болон чанарын хүчин зүйлээр ангилдаг. Түүнээс гадна зээлдэгчийн төлбөрийн чадварыг үндэслэдэг юм. Мөн зээлийг хэвийн, хугацаа хэтэрсэн, чанаргүй гэж ангилладаг. Чанаргүй зээл нь хэвийн бус, эргэлзээтэй, муу гэж хуваагдана. Дээрх журмын хүрээнд 1-2 хоног төлбөрөө хоцроосон зээлийг чанаргүй зээл гэж үзэхгүй. Мэдээж хувь хүнээс шалтгаалахгүйгээр эргэн төлөлтийг хоцроох тохиолдол гарч болно. Тиймээс үүнийг харгалзан үзэж дээрх журамд өөрчлөлт оруулан сард хоёр удаа зээлийн ангилал хийх зохицуулалтыг тусгасан юм. Өөрөөр хэлбэл, 1-2 хоног хоцроосон зээлийг найдваргүй зээлд ангилахгүй. Харин зээлдэгч зээлийн төлбөрөө 90-ээс дээш хоногоор хоцроосон бол тухайн байгууллага активыг ангилах журмын дагуу зээлийг чанаргүйд ангилах үүрэгтэй. Тус байгууллагын зээлийг ангилах үүрэгт зээлдүүлэгчийн түүхэнд сөрөг мэдээ оруулах тухай журамд заагаагүй. Харин зээлээс үүсч болох алдагдлаас урьдчилан сэргийлж тухайн зээлд нөөцийн сан буюу зээлийн эрсдэлийн сан бүрдүүлэх зорилготой юм шүү дээ.
 
-Тэгвэл давагдашгүй хүчин зүйлээс хамаарсан нөхцөл байдлыг харгалзан үзэж найдваргүй зээлдэгчийн мэдээллийг өөрчлөх боломжтой юу?
 
 
-Иргэдийн давагдашгүй хүчин зүйл гэдэг ойлголт нь харилцан адилгүй байдаг. Тухайлбал, зээлдэгчээс үл хамаарах бүхий л зүйлийг давагдашгүй гэж тодорхойлох нь түгээмэл байдаг. Одоогоор давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой заалт “Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулах, зарцуулах журам”-д байхгүй. Тиймээс зээлийг дээр дурьдсан хугацааны болон төлбөрийн чадварын хүчин зүйлээр ангилдаг юм. Зээлийг журмын дагуу үнэн зөв ангилсан байх учиртай. Тиймээс зээлийн мэдээллийн санд орсон мэдээллийг өөрчлөх боломжгүй. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 20.2.1-д мэдээлэл нийлүүлэгч байгуулага нь мэдээллийн үнэн зөв, бодит мэдээлэл нийлүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг юм.
 
-Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан ажилгүйдэл өсч байгаа нь зээлийн эргэн төлөлтөд сөргөөр нөлөөлж буй нэг хүчин зүйл. Энэ хэрээр олон мянган иргэн найдваргүй зээлдэгч болж байна. Үүнийг давагдашгүй хүчин зүйлд тооцох уу?
 
 
-Дээр хэлсэнчлэн “давагдашгүй хүчин зүйлээс хамаарсан нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэсэн зүйл заалт хуульд ч, журамд ч байхгүй. Тэгэхээр эдийн засгийн хүндрэлийг давагдашгүй хүчин зүйлд тооцохгүй. Зээлдэгч нь аливаа зээл авахдаа зээлийн төлбөр хийх боломжоо тооцоолох хэрэгтэй. Уг тооцоололд эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой. Өөрөөр хэлбэл, зээлдэгч нь зээл авахдаа тодорхой хэмжээний эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлээ үүрч сурах хэрэгтэй шүү дээ. Эдгээр эрсдэлийн нэг нь эдийн засгийн нөхцөл байдлын өөрчлөлт. Зээлийг ангилах, холбогдох эрсдэлийн сан байгуулах нь банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, урьдчилан сэргийлэх нь олон улсад зөвшөөрөгдсөн бодлогын арга хэрэгсэл юм.
 
-Муу зээлдэгчийн бүртгэлтэй иргэн хэдий хугацааны дараа дахин зээл авах боломжтой болох вэ?
 
 
-Зээлдэгчийг муу, сайн гэж тусгайлан бүртгэдэггүй. Харин  зээлдэгчийн зээлийн мэдээлэл тус бүрийг холбогдох журмын дагуу ангилдаг. Зээлийн мэдээллийг тухайн зээлдэгчийн талаарх эрсдэлийн үнэлгээ хийхэд ашигладаг. Хугацаа хэтэрсэн болон бусад ангилалд орсон зээлтэй иргэд, аж ахуйн нэгжийн зээл авахыг хориглосон аливаа зохицуулалт байдаггүй. Гагцхүү зээл олгох эсэх шийдвэрийг тухайн зээлдүүлэгч байгууллага өөрөө гаргадаг.
Зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл нь харилцагчийн өнгөрсөн хугацааны санхүүгийн хариуцлага, сахилга батын түүх гэсэн үг. Тиймээс зээл хүсэгчийн өнөөгийн санхүүгийн чадавхийг шууд илэрхийлдэггүй гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.  Энэхүү сангийн мэдээллийг зээлдүүлэгч байгууллага өөрийн зээл олгох шийдвэрт хэрхэн ашиглах нь тухайн байгууллагын дотоод бодлого. Харин зээлээ хугацаа хэтрүүлэн төлсөн, ангилалд орсон харилцагчдад дахин зээл олгохыг хориглосон хууль тогтоомж, Монголбанкны заавар журам байдаггүй.
 
-Урт хугацаатай зээлдэгч зээлийн эргэн төлөлтөө харилцан адилгүй хийжээ. Тухайлбал, зарим үед хугацаа хожимддог, 2-3 хувааж төлдөг байжээ. Гэхдээ банкнаас зээлсэн мөнгөө хугацааны төгсгөлд бүрэн төлж дуусгасан. Гэвч тэрээр найдваргүй зээлдэгч. Энэ нь тухайн иргэнд хохиролтой шийдвэр болж байгаа тухай хүмүүс ярьдаг. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
 
 
-Санхүүгийн чадавхи, тогтвортой үйл ажиллагаа, ашигт ажиллагаа болон бусад үзүүлэлтийг харгалзан хоёр тал харилцан тохиролцож зөвшилцсөний дагуу зээлийн эргэн төлөх хуваарийг гаргадаг. Хэрэв зээлдэгч нь зээлийн төлбөрөө хуваарийн дагуу хугацаандаа төлөөгүй, эргэн төлөлтийн доголдол гарвал зээлдүүлэгч байгууллага эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Тиймээс холбогдох журмын дагуу зээлийн ангилал хийж, эрсдэлийн сан байгуулна. Харин зээлдэгч нь зээл төлөх хуваарийн дагуу төлбөрөө хугацаанд нь хийж, зээлийн эргэн төлөлт хэвийн болсон нөхцөлд зээлийн ангилал сайжрах бүрэн боломжтой.
 
 
-Нэгэн эх сурвалж зээл авсан банкныхаа эдийн засагчтай эргэн төлөлтийн хугацаа долоо хоногийн хэлбэлзэлтэй тохирч болдог тухай хэлж байсан юм. Энэ нь хэр бодитой вэ?
 
 
-Зээлийн эргэн төлөлтийн хугацааг амаар тохиролцох боломжгүй.  Зээлдэгч нь зээл олгосон байгууллагатай бичгээр байгуулсан зээлийн гэрээний дагуу хүү болон үндсэн зээлийн төлбөрөө төлөх үүргийг хүлээсэн байдаг.
 
 
-Муу зээлийн түүхээ арилгуулах боломж байдаг уу?
 
-2011 онд Улсын их хурлаар батлагдсан Зээлийн мэдээллийн тухай хуулийн 19.1-д зээлийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд хүлээн авсан өдрөөс хойш 10 жил хадгална гэж заасан байдаг. Харин уг хуулийн 11.1-д зээлдэгчийн сүүлийн зургаан жилийн зээлийн мэдээллийг зээлийн лавлагаанд тусгана гэж заасан, өөрөөр хэлбэл зээлдүүлэгч байгууллага нь зээлдэгчийн сүүлийн зургаан жилийн зээлийн мэдээллийг зээл олгох үйл ажиллагаандаа ашиглана гэсэн үг.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 
Д.ОЮУНЧИМЭГ