sonin.mn
ВАШИНГТОН. /ITAR-TASS/. ОХУ-ын армийн сургуулилтыг АНУ анхааралтай ажиглана гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жошуа Эрнест мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.
“ОХУ өнгөрсөн жил ийм төрлийн сургуулилт хийснийг бид ажигласан, тиймээс энэ нь бидний хувьд онцгой гэнэтийн үйл явдал биш юм. Гэхдээ бид НАТО дахь манай улсын холбоотнуудын аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй аливаа үйлдлийг анхааралтай ажиглах болно” гэж тэрбээр хэлсэн байна.
 
Энэ сургуулилт нь Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуултад хариулахдаа Эрнест тус улсын “хил орчим дахь хөдөлгөөн” нь “зарим талаар сэтгэл түгшээх шалтгаан болно” гэжээ.  
 
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ шугамаар улсынх нь Дорнод цэргийн тойргийн нисэх хүчин болон Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчинд гэнэтийн шалгалт хийхээр болсныг ОХУ-ын Батлан хамгаалах яам бусад оронд мэдэгдэж байгаа тухай тус яамны олон улсын цэргийн хамтын ажиллагааны ерөнхий удирдах газрын дарга Сергей Кошелев мягмар гарагт мэдэгджээ.
 
Д.Жаргал
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг