sonin.mn
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  хоёр асуудал хэлэлцэх байсан ч УИХ-ын гишүүн Я.Содбаатар, А.Тлейхан нарын гишүүд хуралдааныг орхив.
Байнгын хорооны хуралдаан 09.00 цагт 52 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Хуралдаан эхлэх үед УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, “Хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг боловсруулах ажлын хэсгээс хуулийн төслийн үзэл баримтлалыг нарийвчлан тодорхойлох үүргийг дэд ажлын хэсэгт өгсөн. Энэхүү нарийвчилсан тодорхойлолт хараахан бэлэн болоогүй учраас өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасч өгнө үү” гэсэн санал гаргасан. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.
 
Мөн үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар, “20 хоногийн өмнө Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл манай байнгын хороонд Нийгмийн даатгалын сангийн талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр байнгын хорооноос Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлаар санал боловсруулж, 14 хоногийн дотор байнгын хороонд танилцуулах үүрэг өгсөн. Энэхүү хугацаа өнгөрсөн тул өнөөдөр Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн саналыг хэлэлцэх хэрэгтэй” гэлээ.
 
Байнгын хорооны ажлын хэсгээс, “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс танилцуулга ирүүлээгүй байна. Тус зөвлөл тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлаар хуралдаж, Ажлын хэсэг байгуулсан байна. Тус ажлын хэсэг нэг удаа хуралдсан бөгөөд одоогоор саналаа боловсруулж дуусаагүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн” хэмээн хариулав.
 
Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар, А.Тлейхан нарын гишүүд тэтгэврийн зээлийн хүүг хэлэлцэх хүртэл байнгын хорооны хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ илэрхийлж, хуралдааныг орхисноор Байнгын хорооны гишүүдийн ирц 50 хувьд хүрсэнгүй. Ийнхүү байнгын хорооны хуралдаан хойшиллоо.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг